“Их Майдар” сангийнхан Ю.Цэдэнбал агсны ач охин Анастасия Цэдэнбалд үндэсний томоохон бүтээн байгуулалт болох “Их Майдар” төслөө танилцуулан, Майдар бурхны жижиг хэмжээтэй баримал гардуулан өглөө. Анастасия Цэдэнбал “Энэ төсөл миний төсөөлснөөс том ажил юм. Ийм том ажлыг зоригтойгоор хийж байгаа хүмүүсийг биширч байна. Төсөлд хүмүүс нас, хүйс, шашин шүтлэг, гарал угсаа харгалзахгүйгээр оролцож байгаа нь надад таалагдлаа. Энэ төсөл цаашид Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж, буддын шашныг Монголд төдийгүй олон улсад түгээн дэлгэрүүлэх томоохон бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байна. Би өвөөгийнхөө унасан газар, угаасан усыг үзэх гэж Монголд ирсэн. Нутагт нь очсоныхоо дараа би энэ газартай салшгүй холбоотой, энд миний үндэс угсаа байгаа юм байна гэдгийг ойлгосон. Цаашид би Монгол, Орос улсын гүүр болж ажиллана. Намайг зургаан настай байхад өвөө маань өнгөрсөн болохоор би түүнийг гарамгай удирдагч, улс төрч гэдгийг мэддэггүй, өвөөгөө л гэж боддог байсан” гэв.