Монгол Улсын хэмжээнд нийт 180 гаруй Их дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулдаг. Жил болгон сөхөгддөг уламжлал болсон гэмээр нэг асуудал бол сургалтын төлбөрийг нэмэх байдаг. Амарч ирээд сургалтын төлбөр хэдэн төгрөг болсон бол гэх эргэлзээ , дарамт оюутнуудын өмнө тулгардаг. Хичнээн сурах эрмэлзлэл, хүсэл чадвар байгаад ч сая хол давсан мөнгөний ард гарах эцэг эх ховор. Энэ жил мөн сургуулиуд сургалтын төлбөрөө 13-15 хувиар нэмсэн. ШУТИС-ийн хувьд сургалтын төлбөрийг 13 хувиар нэмсэн байна. Тэдний хувьд сургалтын төлбөрийг ямар ч шалтгаан үндэслэлгүйгээр нэмсэн гэж үзэж байгаа аж. Үүнийг эсэргүүцэж байгаагаа ШУТИС-ийн 30 гаруй мянган оюутны төлөөл өнөөдөр хэвлэлийхэнд мэдээллээ. Өнгөрсөн жил нэг кредит нь 44515 байсан бол энэ жил 53000 болжээ. Ингээд бодохоор хоёр сая хол давсан төлбөр оюутнуудад хүндээр тусч байгааг хэлж байлаа. Оюутнууд эцэг эхийнхээ хөлс хүчээ урсган байж олсон мөнгийг юунд зарцуулж байгааг тодорхой мэдэх хүсэлтэй байгаа аж. Мөн төлбөрийг нэмсэн үндэслэлийг тодорхой болгох хүсэлт тавилаа.
ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр:
“Сургалтын төлбөр нэмсэн ямар ч шалтгаан байхгүй. Зөвхөн инфляцийн төлбөр нэмсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Энэ бол ТУЗ-ын хэдэн хүн яриад шийдчих асуудал биш юм. Олон мянган оюутны асуудал яригдаж байгаа тул биднээс санал, зөвшөөрлийг авах хэрэгтэй юм. Мөн оюутны проектор албыг есдүгээр сарын 9-ний хурлаар үгүй хийлээ. ШУТИС нийт 30 гаруй мянган оюутантай. Үүнийг хариуцсан дарга байхгүй байна гэдэг бол маш том эмгэнэл. Учир нь оюутныг ойлгож, оюутныг хөгжүүлэх зэрэг асуудлыг хариуцах алба байхгүй болж , оюутны эрх ашиг зөрчигдөж байна ” гэлээ.
ТУЗ-д албан ёсны хүсэлтийг 2014 оны хавар өгсөн байна. Үүнээс хойш мөн хэд хэдэн шаардлага хүргүүлсэн ч хариу авалгүй, шийдэлд хүрэлгүй өдийг хүрчээ.
М.Болорцэцэг