-Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдал хэр хангагдаж байгаа вэ? Cаяхан УИХ-ын зарим гишүүд, хэрэглэгчдийн гар утсанд хуурамч мессеж очсон нь байдал ямар түвшинд байгааг нотлох шиг боллоо. Үүнд Та ямар байр суурьтай байна вэ?

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа:
-Хэрэглэгчдийн гар утсанд илгээсэн хуурамч мессеж нь анхаарал татах асуудал мөн хэдий ч Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн дээрх үйл явдлаар дүгнэх нь дэндүү өрөөсгөл юм. Мэдээллийн аюулгүй байдлын тухай ойлголт нь маш өргөн цар хүрээтэй. Энэ нь дан ганц салбарын бус, дэлхий нийтийн анхаарал хандуулдаг асуудал болоод удаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн холбооны операторууд нь дэлхийн ижил чиглэлийн компаниудынх шиг технологийг нэвтрүүлэн ашигладаг бөгөөд бусад улсад ч мөн энэ төрлийн хуурамч мессеж илгээх явдал тохиолддог. Хуурамч мессеж илгээх техникийн боломжийг олгож буй маш олон төрлийн үйлчилгээ үзүүлэгч цахим хуудсууд интернэтэд байгаа бөгөөд хэн ч ямар нэгэн дугаар ашиглан эдгээрээс хуурамч мессеж илгээх боломж байсаар байна. Тэгэхээр бид одоо энэ төрлийн асуудлыг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай болсон нь харагдаж байгаа юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Б.Мөнхбат:
-Юуны өмнө мэдээллийн аюулгүй байдал нь өргөн агуулгатай асуудал гэдгийг хэлэх ёстой. УИХын зарим гишүүдийн нэр болон дугаараас явуулсан мэт харагдах хуурамч мессеж тойрсон асуудлыг мэдээллийн аюулг үй байдалтай шууд холбож үзэх нь ихээхэн учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид хэрэглэгчдийнхээ мэдээллийн сан болон сүлжээний аюулгүй байдлаа алдаж хакердуулаагүй. Дэлхийн бусад үүрэн оператортай ижил түвшинд, олон улсын жишигт хүрсэн хэмжээнд сүлжээний аюулгүй байдлаа ханган ажиллаж байна. Технологийн хөгжлийн хурдац, интернэтийн орчин дахь үйлчилгээний арга, хэрэгсэл хязгааргүй нэмэгдэж байгаа өнөө үед мессеж илгээж буй болон дуудлага үүсгэж буй хэрэглэгчдийн дугаарыг харагдах байдлын хувьд өөрчлөн улс хоорондын үйлчилгээнд ашиглах боломжтой программ хангамж, вэб сайт, нээлттэй эх сурвалжууд маш олон байгааг техникийн мэргэжилтн үүд, хэрэглэгчид хэдийнэ мэддэг болсон. Цаашид ийм төрлийн хуурамч мессеж, дуудлагын эрсдэлийг бууруулах чиглэлээр манай үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох эрх бүхий байгууллагууд тодорхой түвшинд ахиц гаргахаар ажиллаж байна. Мөн хэрэглэгчид энэ төрлийн хуурамч мэдээллийг хүлээн авсан тохиолдолд анхаарал болгоомжтой хандаж, эх сурвалжийг баталгаатай эсэхийг нягталж байх нь зүйтэй.
“Мобиком” корпорацын Олон нийттэй харилцах менежер Э.Чинзориг
-Энэ бол хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалыг алдсан хэрэг огт биш. Иргэд хоорондоо мессеж бичиж байгаатай адилхан зүйл. Өөрөөр хэлбэл, мессеж хүлээн авдаг, явуулдаг төвөөр дамжуулан хэн нэгэн хэрэглэгч рүү илгээсэн мессеж юм. Дугаараа нууцалдаг, дугаараа сольж мессеж илгээж болдог программ ашиглаж, УИХ-ын гишүүдийн өмнөөс мессеж явуулсан байсан. Гишүүдийн утасны дугаар олон нийтэд ил байдаг шүү дээ. Манай компанийн сүлжээний мэргэжилтнүүд энэ мессежийг Румын улсын “Водафон” үүрэн операторын сүлжээнээс ирснийг тогтоосон. Харин “Юнител” группийн зүгээс тэдний хэрэглэгчид ижил төрлийн мессежийг Мальт улсаас илгээсэн болохыг бидэнд мэдэгдсэн. Энэ хоёр улсаас дахин ийм мессеж ирэх боломжийг хаасан. Одоо хэн гэдэг хүн, ямар дугаараас уг мессежийг илгээсэн болон Монгол Улсын үүрэн операторын сим карт, өөр электрон төхөөрөмж ашигласан, эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Ийм төрлийн сайтуудын үйл ажиллагааг тухайн улс нь өөрөө зогсоохгүй бол бид хааж чадахгүй. “Samsung” брэндийн утас гэхэд л дугаараа нууцалж мессеж илгээх апликэшнтэй.
Монгол хүн ч гэсэн интернэт ашиглан гадаад улс руу мессеж илгээх боломжтой. “Мобиком” корпорац, “Юнител” группэд бүртгэлтэй, найман оронтой дугаараас мөн адил “Мобиком”, “Юнител”- ийн дугаар луу гадаадаас мессеж илгээвэл шууд очдог. Түүнээс биш мессежийн агуулгыг илгээгч, хүлээн авагч хоёроос өөр хэн ч мэдэж чадахгүй. Тухайн мессеж вирустай биш л бол мессеж илгээх замыг хаадаггүй. Үүрэн холбооны компанийн оролцоогүйгээр интернэтээс дурын дугаарын өмнөөс илгээдэг төлбөртэй үйлчилгээнүүд олон бий. “Google”- ээс “anonymous sms” гэж бичээд хайхад ийм үйлчилгээ үзүүлдэг сайтууд гарч ирдэг. Манай корпорац Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 болон Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартаар баталгаажсан. Энэ жил Германы ISO байгууллагын шалгалтаар дахин баталгаажсан болохоор хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан.