Баян-Өлгий аймгийн Өлгий сумын газар өмчлөхийг хүссэн иргэдээс өргөн барьсан өргөдлийн тоо эрс нэмэгдэж, 2000 хүрсэн ч удахгүй 600-д нь л газар олгож эхлэх юм байна. Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай “Хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн хийхтэй холбогдуулан 2014 онд газар өмчлөх ажлыг бараг зогсоож онцын гачигдалтай цөөхөн айлыг газартай болголоо. Хотын төв орчимоор өмчлөх газар үгүй болсон тул хотын Толбо, Цагааннуур чиглэлийн захаас олгоно. Газар эдийн засгийн эргэлтэнд орсон, хөдөөнөөс хотод шилжин ирж суурьшигчдын тоо нэмэгдсэн болон «өөр газарт шилжин сууна», «сургуулиа төгсөх хүүхэддээ газар авна» гэх зэргийн шалтгаанаар өмчлөх газар хүсэгчдийн тоо өсч, ажлын ачааллыг хүндрүүллээ. Зарим овсгоотой нь өмнөх жилүүдэд хэд хэдэн газар авчихаад одоо тэрнийгээ борлуулан ашиг олж буй явдал ч бий. Одоо олгох газраа баг бүрээс тавь орчим өрхийг шалгаруулсаны үндсэн дээр, тухайн газрыг кадастрын зурганд оруулж, үнэмлэхийг нь бичиж байж олгох журамтай боллоо” гэлээ.