-Оюутолгойн нөөцийг шинэчлэн тогтоожээ-
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Оюутолгойн ордын нөөцийн тодотголын тайланг хэлэлцэж, 2009 онд батлагдсан нөөцийг нарийвчлан судалж, шинэчилсэн тухай Ашигт малтмалын газраас өчигдөр мэдээллээ. Тодруулбал, Оюутолгой 44.6 сая тонн зэс, 1.9 тонн алт, 11.9 мянган тонн мөнгө, 205 мянган тонн молибдений нөөц байгааг шинэчлэн тогтоожээ. Оюутолгойн орд эдийн засгийн эргэлтэд орсноор зэсийн баяжмалын экспорт 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байгааг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэлээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улс 966.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон гэнэ. Харин нүүрсний тухайд 13.5 сая тонныг хилийн чанадад нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өссөн дүн аж. Энэ хугацаанд монголчууд 15.9 сая тонн хар алт олборложээ.
Улирч буй сарын статистик үзүүлэлтүүдээс гадна уул уурхайн салбар тойрон өрнөж буй үйл явдлуудыг Ашигт малтмалын газрын удирдлагууд мөн энэ өдөр тоймлон танилцууллаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг олон шат дамжлагагүй хүргэхийн тулд кадастрын нэг цэгийн үйлчилгээг АМГ нэвтрүүлжээ. Улмаар тус газрын Геологи, уул уурхайн хэлтсийн үйл ажиллагааг мөн нэг цэгийн үйлчилгээнд шилж үүлэн, хувийн хөрөнгөөр геологи, хайгуулын ажил гүйцэтгэж байгаа компаниудын төлөвлөгөө, тайлан, уулын ажлын хүлээн авахаар зэхжээ. Түүнээс гадна тусгай зөвшөөрлийн мэдээлэл, лавлагаа авах, ашиглалтын тусгай зөвш өөрлийн мэдээ, тайлан ирүүлсэн талаарх лавлагааг ТҮЦ машинаар авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг Д.Үүрийнтуяа дарга цохлоо. Мөн геологи, хайгуулын ажлын жилийн төлөвлөгөө, тайлан, зардлын доод хэмжээ баталгаажуулалтын тодорхойлолтыг ч эл цахим машинаас авах боломж цаашид бүрдэх юм байна.
Манай өмнөд хөрш энэ сарын 15-наас импортын нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулахаар болсон. Тухайлбал, антрацит болон коксжих нүүрсэнд гурав, чулуун, ялангуяа эрчим хүчний нүүрсэнд зургаан хувийн импортын татвар ногдуулж буй. Аль хэдийнэ хямралтай золгосон манай нүүрсний компаниудад энэ нь давхар дарамт үүсгэж байгаа учраас нүүрсний зах зээлийн байдал сайжрах хүртэл тодорхой хугацаанд Монголын нүүрсийг импортын татвараас чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д айлчлах үеэрээ Си Зиньпин даргад уламжилжээ. Түүнээс гадна БНХАУ арилжааны зориулалттай нүүрсний чанарыг сайжруулах алхам хийж, 600 кмээс дээш зайд тээвэрлэх нүүрсний илчлэг, үнслэг, хүхрийн агууламжид хатуу стандарт тогтоон, шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглосон түр журмыг ирэх оны эхнээс мөрдөхөөр төлөвлөж байгаа. Энэхүү түр журамд тухайлан заасан үзүүлэлтүүд нь манайд мөрддөг стандарттай үндсэндээ тохирч байгаа төдийгүй манай улс Хятадтай хил залгаа оршдог тул эл журмыг мөрдөж эхлэх үед манай хар алтны экспорт өсөх боломж бүрдэнэ хэмээн АМГ-ын удирдлагууд олзуурхаж байна. Гэхдээ манай нүүрс экспортлогчид мөнгөн ус, хүнцэл, фосфор, хлор, фторын шинжилгээг хийлгэх шаардлага шинээр үүсч байгаа гэнэ. Шүүхийн шийдвэрээр тусгай зөвш өөрлийг нь цуцалсан 106 талбайд шинэ “эзэн” сонгон шалгаруулах ажил ид үргэлжилж байна. Одоогийн байдлаар 14 талбайд тендер зарласнаас “Ногоон тал”, “Довцог худаг” зэрэг 11 талбайн хайгуулын тусгай зөвш өөрлийг эзэнтэй болгожээ. Харин санал ирээгүй гурван талбайд ердийн буюу өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох болсон байна. Зардлаа баталгаажуулж, босго үнэ тогтоосон хоёр дахь ээлжийн 10 талбайд өчигдөр сонгон шалгаруулалт зарлалаа. Эдгээр талбай нь Өвөрхангай, Дорноговь, Булган зэрэг таван аймгийн нутаг дэвсгэрт, 54.9 мянган га-г эзэлж байгаа юм байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН