Хүний амьдралыг утга учиртай болгох нэгээхэн шалтгаан нь үр хүүхэдтэй болох, угсаа залгамжаа үлдээх явдал. Үүгээрээ ч араатан амьтнаас давуу. Гэвч сүүлийн үед манай нийгэмд гарч буй гэмт хэрэг, хүчирхийлэл, аллага хэрээс хэтэрч, архи уусан, ухаан солиорсон хүм үүн гэгч амьтан араатнаас ч аймшигтайгаар үр удмаа бүрэлгэж байна. Хэдхэн сарын өмнө дөө, эхнэртэйгээ маргалдсан Ё гэх эр архины халуундаа агсамнан төрсөн хоёр хүүхдээ машиндаа цоожилж байгаад шатаан бүрэлгэсэн хэрэг Булган аймагт гарч олныг цочирдуулж байсан. Түүний дараахан Төв аймгийн Батсүмбэр суманд Ж гэх эмэгтэй төрүүлсэн гурван настай охиноо хэрцгийгээр хөнөөж, толгойг нь тасалсан юм.
Хүүхдээ харгис хэрцгийгээр хөнөөсөн уг эмэгтэй сэтгэцийн өвчтэй нэгэн байсан тул түүнийг өдгөө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт албадлагын арга хэмжээ аван хорьж байна. Хүүхдээ хазаж тарчлаасан, хэрцгийгээр зодсон гээд гэр бүлийн хүчирхийллүүд байнга шахам л гарч байх болсон. Үүнээс болоод хүүхдүүд амиа хорлосон тохиолдол ч цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар дүүрэгт бага насны хүүхдээ хэрцгийгээр хөнөөгөөд орцны үүдэнд орхисон хэрэг уржигдар гарсан байна. Тус хэлтсийн эх сурвалжийн мэдээлсээр төрөөд удаагүй эрэгтэй хүүхдийн цогцсонд үзлэг хийхэд хоолойдоо мэсний шархтай байжээ.
Эцэг эхийг нь эрэн сурвалжилж байгаа гэнэ. Хэдхэн хоногтой нярай эцэг эхдээ баяр баясгалан л болж ирсэн баймаар. Гэтэл харгис аллагын золиос болж хөсөр хаягдаж буй нь манай нийгмийн нэг эмгэнэл гэлтэй.
Г.РАВЖАА