Нийслэлийн Мал эмнэлгийн газраас өчигдөр Гандантэгчилэн хийдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Учир нь тус хийдийн ойр орчимд тагтаа шувуу олноор цуглаж, сангас, үс ноосоо их хэмжээгээр хаясан байдаг байна. Энэ нь нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй болсон тул мал амьтнаас хүнд халдварлах элдэв төрлийн бичил орчны нян, вирус, бактерийн халдвараас урьдчилан сэргийлж ариутгал хийсэн юм байна. Улаанбаатар хотын түүхэн барилга байгууламж болох Гандантэгчилэн хийдийг ариутган халдваргүйжүүлэх ажлыг тус хийдээс гадна “Таны буянд даган баясъя” төв, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Ганданг ариутгахдаа БНСУ-д үйлдвэрлэсэн "Хай - күф" халдваргүйжүүлэгч бодисыг хэрэглэсэн бөгөөд энэхүү бодис нь хүн, амьтан, ургамалд хор хөнөөлгүй гэж мэдэгдэв. Мөн Гандантэгчилэн хийд орчимд олноор цугласан тагтаа цахилгааны утас дээр сууж, нисэх үед нь цахилгааны утас савлаж, тэр тоолонд цахилгааны утас гэмтэж байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Тиймээс Монголын ард түмний соёлын өв болсон Гандантэгчилэн хийдийг галын аюулаас хамгаалах үүднээс тагтаа хооллохгүй байхыг сүсэгтэн олноос хүслээ.