Монголд фитнессийн эмч хэмээх шинэ мэргэжил бий болсныг та бүхэн дуулсан уу. Албан ёсоор аль нэгэн сургуульд ийм эмч бэлтгээгүй ч гарцаагүй шаардлагаар бий болж, Монголынхоо хөрсөнд бууж ажиллаж байгаа нэгэн фитнессийн эмчийг уншигч танд танилцуулъя. Түүнийг Насанжаргалын Энхбаяр гэдэг. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 2013 онд дүүргэж, өдгөө Улсын гуравдугаар төв эмнэлэгт дотрын резидент эмч, “Голден жим” клубт фитнессийн эмч, аргазүйчээр ажиллаж байгаа аж.
-Та яагаад фитнесс клубийн эмчээр ажиллах болсон бэ. Ямар нэгэн байдлаар судалгаа хийж байсан уу?
-Нийгмийн л асуудал нөлөөлсөн дөө. Зургаа дахь жилдээ сурч байхдаа цалингийн орлогогүй явах хэцүү санагдах болсон. Бидний мэргэжлийг хүн бүр мэдэх байх л даа. Хариуцлагатай учраас 8-10 жил суралцах хэрэгтэй болдог. Ачаалал ихтэй болохоор ажил хийхэд хэцүү байдаг байсан. Ингэж яваад “Бизнетвөрк” сайтаас ажлын зар олж уншаад, уулзаж үзсэн. Сурдаг учраас түүндээ зохицуулж ажиллахаар болж цагийн ажилтан болсон. Бараг хоёр жил фитнессийн эмчээр ажиллаж байна.
-Турах эсвэл бие галбираа сайжруулах хүсэлтэй, өвчин эмгэгээсээ салах гэсэн хүмүүстэй ажилладаг болохоор тусгай судалгаа хэрэг болдог уу?
-Насанд хүрэгчдийн долоо, оюутан болон хүүхдийн хоёр шоу зохион байгуулахад оролцож, эрүүл мэнд болон хооллолтын зөвлөгөө өгч ажиллалаа. Нэг талаар энэ ажил надад шинэ судалгаа, эрэлхийлэл болж байна. Анагаахын их сургуульд эрүүл зөв хооллолт, хөдөлгөөний тухай олон хичээл заадаг. Таргалалт нэмэгдэж, хөдөлгөөн дутагдсан энэ үед богино хугацаанд эрүүл аргаар, үр дүнтэй турах асуудал чухал болсон. Манай клубээс зохион байгуулсан хоёр дахь тэмцээний ялагч нь эмнэлгээс ирж шагналаа авч байсан. Эрчимтэй дасгал хийснээс болж ядаргаанд орсон хэрэг. Тиймээс дараа дараагийн тэмцээний ялагчид энэ мэтээр эмнэлгээс ирдэг болбол юутай харамсалтай. Тиймээс ядраахгүй, хоол хүнсээр нь эрч хүч өгч ажиллах ёстой гэдгээ ойлгосон. Хүн фитнессээр хичээллээд ядрах ёсгүй. Харин ч ажлын бүтээмж нь нэмэгдэж байх ёстой. Монголчууд уургийн талаар буруу ойлголттой байдаг. Фитнессээр хичээллэж байгаа хүн ядрахгүй жин хасахын тулд уургийг зохистой хэмжээгээр хэрэглэж болно. Үүнд ямар ч сөрөг нөлөө байхгүй.
-Тэгвэл ядрахгүйгээр богино хугацаанд турж чадсан хэн нэгний жишээг та хэлж болох уу?
-Гурван сарын хугацаанд 51 кг жин хасахдаа огт ядраагүй оролцогч байна. Тэр ч бүү хэл шинэ жилийн үдэшлэг дээр шагналаа гардаж, бусадтай ижилхэн л ууж, идээд явсан. Энд ажиллаж эхэлснээсээ хойш багш нартаа ч гэсэн хооллолт, хөдөлгөөний тухай зөв мэдээлэл хүргэхийг хичээх болсон. Энэ талаар багш нар илүү сайн мэдэж байвал үйлчлүүлэгч нарт ч таатай байх болно.
-Танай клубт өмнө нь нэгэн сүлжээний бүтээгдэхүүн санал болгодог байсныг мэдэх юм. Тэр нь эрүүл турах арга мөн гэж үү?
-Манайх жилийн өмнө “Хербалайф”-ын клубтэй байсан. Гэхдээ энэ нь үйлчлүүлэгчийг ядрааж байсан учраас хэрэггүй гэж ойлгосон. “Хербалайф”- ын бүтээгдэхүүн уухгүй дасгал хийдэг хүмүүс ч байсан л даа. Мэдээж жинг зөвхөн идэж байгаа хоол хүнс, хөдөлгөөнөөрөө зохицуулж болдог. Уургийг ч бас хүн болгон хэрэглэх албагүй.
-Өвчин хуучтай хүмүүст тохирох дасгал хөдөлгөөн байдаг уу. Зүрх нь өвддөг хүмүүсийг гүйх хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг юм билээ.
-Арав гаруй жил суугаа ажил хийлээ, зүрхээр хатгуулаад байна гэсэн хүмүүс ирдэг. Ачааллыг нь тохируулж дасгал зөвлөдөг. Хүмүүс ихэвчлэн фитнесст ирсэн эхний өдрөө эрч хүчтэй дасгал хийгээд дараа нь бие нь буларснаас шантардаг. Ачааллаа зөв зохицуулах хэрэгтэй. Хөдөлгөөнөө аажмаар нэмэгдүүлбэл тухайн хүн ядрахгүй. Бид уралдааны оролцогчдоо зүрхний эмчийн хяналтад байлгаж, бичлэг хийдэг. “Төрхөндөө” шоуны оролцогч Гансүхийн цусан дахь саахарын хэмжээ 27-той байсан. Бас инсулин тариулдаг, толгой нь байнга өвддөг учраас үргэлж эм уудаг байсан. Гэтэл тэмцээнд ороод 21 хоногийн дараа 11 кг жин хасаж, цусан дахь саахарын хэмжээ нь 5.5 болж буурсан. Сар гаруйн өмнө тэмцээн дууссан ч түүний биеийн байдал одоо хүртэл хэвийн байгаа. Эм тарианд мөнгө үрэлгүй биеэ дайчилж, хоолны дэглэмээр эрүүл байх боломжтой. Би Гуравдугаар эмнэлгийн дотоод шүүрлийн тасагт ажилладаг. Саахар ихэдсэн хүнд гарцаагүй инсулин хийдэг. Гэхдээ энд ажилласнаар өөр гаргалгаа олж харж байгаа юм. Суугаа ажил хийж, байнга машин барьдаг болсноос таргалалт, түүнээс үүдэлтэй нурууны өвчин, чихрийн шижин, цусны саахар өтгөрөлт гээд олон төрлийн өвчин элбэгшиж байна. Зүрх болон тархины цус харвалт их байгаа. Зарим тохиолдолд унтаагаараа бурхны оронд оддог явдал ч байна. Энэ нь хатуурсан судсан дундуур өндөр даралттай цус харваснаас үхэлд хүргэж байгаа юм. Дасгал хөдөлгөөн хийснээр энэ бүгдээс урьдчилан сэргийлж чадна.
-Өөх, булчингийн харьцаа чухал юм шиг ээ. Тарган биш ч булчингүй хүмүүс цаанаа л сулбагар санагддаг.
-Бид үйлчлүүлэгчдээ “Танита” аппаратаар оношилдог. Ингэснээр булчин, өөхний байх ёстой хэмжээг нь тогтоож өгдөг юм. 10 кг жин хасах хэрэгтэй байлаа гэхэд дэглэм бариад 10кг булчингаа үгүй болгочихвол яах вэ. Булчин хасагдвал хүн ядарч, ачаалал даахаа больдог. Харин өөхөө хасвал арьс, үс, хумс нь хүртэл өнгө ордог. Бие нь хөнгөрч, бүтээмж сайжирна. Эрүүл аргаар турахын тулд дасгалын өмнө болон дараа ямар хоол идэхээ мэддэг болох ёстой. Зарим хүн гурилан бүтээгдэхүүнийг хориглож турахыг эрмэлздэг. Гэтэл уураг тархины үндсэн хүнс нь нүүрс ус буюу гурил юм. Гурил, гурилан бүтээгдэхүүнийг тохируулж зөв хэрэглэх ёстой. 100 хувь хорих нь буруу. Энэ бол энергийн эх үүсвэр. Улмаар булчин дахь саахарыг задалдаг. Бие физиологийн энэ нарийн тогтолцоог ойлговол хэзээ ямар хоол идэх ёстойгоо мэддэг болно. Дараа нь өөр газар дас гал хийсэн ч багш, эмчийн тусламжгүйгээр өөрийг өө ядраахгүй хооллож, дасгал хийдэг болчихдог. Цагаан талх идчихээд хэвтээд байвал таргална. Харин тааруулж идээд дасгал хийвэл энэ нь эрч хүч болж өөхийг хайлуулна.
-18.00 цагаас хойш махан хоол идэхгүй бол турдаг гэсэн бас нэг ойлголт бий. Энэ үнэн үү?
-17.30 цагт цуйван идчихээд хэвтээд байвал жин нэмж л таарна. Болбол өдөр идсэн махан хоолноос хойш дахиж нэмэлгүй жимс, хүнсний ногоо, салат, цагаан идээг хүссэнээрээ идэж болно. Шөнө дунд ч босоод салат идэж болно. Та өлсөж байна гэдэг нь ходоод хонхолзсон хэрэг биш харин нь тархинд очих саахарын хэмжээ багасаж тэндээс дохио өгч байгаа юм. Мэдээж тослог ихтэй сүүг хязгаарлаж, өндөг идэхээр бол шар, майонезыг багасгах хэрэгтэй.
-Таны биеийн өндөр, жин хэд вэ?
-74 кг жинтэй. 177 см өндөртэй. Би эхлээд 74 кг жинтэй байж байгаад гадагшаа явж ирэхдээ ам гэмтээд 10 гаруй кг жин хассан. Гэхдээ гэдэстэй байсан. Фитнесс клубт хичээллээд хоол, уургийн хэрэглээгээ тохируулж 12 кг жин нэмсэн. Найман кг нь булчин, дөрвөн кг нь өөх байсан. Би өглөө эмнэлэгт, үдээс хойш энэ клубтээ ажиллаад өдөрт 14 цаг ажилладаг ч бараг ядардаггүй. Ядрах үе байдаг ч уураг болон дасгалаараа ачааллаа зохицуулж чаддаг.
-Залуус булчинлаг гоё биетэй болохыг хүсдэг болжээ. Гэхдээ булчин хөгжүүлэхэд насны зааг бий юү. Бас уураг хэрэглэхэд хориглох заалт бий юү?
-18 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэй, зүрхний хэм алдагдалтай хүнд уураг хэрэглэхийг хориглодог. Монголчууд уургийг хоолны оронд хэрэглэх эсвэл хэрэглээг нь хэтрүүлж алдаа гаргадаг. Булчинтай болох гэж хэт яарсан нь тэр. Жиндээ тохируулж хэрэглэвэл аминдэм болно. Хэтрүүлвэл хор болно. Өдөр бүр С витамин хэрэглэвэл бөөр мууддагтай л ижил. Уураг хэтрүүлэн хэрэглэбэл элэг, тархи, бөөрөнд муу. Хүүхдүүдэд хөнгөн дасгалыг олон давтамжтайгаар, сунгалтын дасгалтай хослуулж хийвэл сөрөг нөлөө байхгүй. Зөв зохистой хөдөлгөөн ясны өсөлтийг дэмждэг.
-Туранхай хүн ч гэсэн таргалахын тулд хичээллэж болох нь ээ.
-Тийм. Биеийн галбир засах спорт учраас бүх хүн хичээллэж болно. Таргалахын тулд ч хичээллэж болно. Бас ядрахгүйгээр эрч хүчтэй, сайхан биетэй болохын тулд фитнесст хичээллэх ёстой.
Ж.СОЛОНГО