2015 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан цагдаагийн албан хаагчдын унааны зардлын нөхөн олговрыг 30 хувиар бууруулж, нийслэлийн төсөвт шилжүүлэхээр тусгасан билээ. Үүнийг Автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос эсэргүүцэж, ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нөхөн олговороос татгалзаж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас 500 төгрөгийн тарифаар төлбөр авч зорчуулах тухай мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
(ХБИ ) байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав, тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Д.Чулуундолгор, дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар оролцсон юм. Тэдний зүгээс дээрх асуулдлаар МУ-ын Их хурал, Засгийн газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд хандаж мэдэгдэл хүргүүлж байгаа юм. Өнөөгийн байдлаар манай улсад 115000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 90 гаруй хувь нь таарч тохирох ажлын байр байхгүйн улмаас хөдөлмөр эрхэлдэггүй юм байна. Тэд халамжийн тэтгэвэр болох 115000 төгрөгөөс өөр орлогогүй, хагас өлсгөлөнгийн байдалтай амьдарч байгаа аж.
Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл “ХБИ-д нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжийг цаашид хэвээр хадгалах, зорчиход ямар нэгэн саад учруулсан нөхцөлийг бий болгохгүй байх үүднээс холбогдох байгууллагууд шаардалагтай арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна. Бид Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн гаргасан мэдэгдлийг эсэргүүцэж байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлого зөвхөн халамжийн тэггэвэрээр хязгаарлагдаж байгаа энэ үед нөхөн олговрыг өөрсдийн гар дээр авах юм бол өнөө маргаашийн хоолонд үрээд үр бүтээлгүй болно. Энэ нь ямар ч боломжгүй зүйл юм” гэж ярилаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.5.6-д хөгжлийн бэрхшээлтэй хүн нь аймаг, нийслэл, таксинаас бусад нийтийн тээврийн хэрэгслээр харяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчино гэж хуулинд заасан байдаг байна.
Тиймээс тэд энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авахгүй бол дэс дараалсан арга хэмжээ авч, тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгдлээ
М.Болорцэцэг