Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хандан албан бичиг хүргүүлснийг нь цахим ертөнцөд ихээхэн дэмжлэг аваад байга аж.
Цэцэрлэгийн тарах хугацааг нэг цагаар хойшлуулбал олон мянган эцэг эхчүүдийн асуудал шийдэгдэнэ хэмээн холбооныхон ярилаа.
Тус албан бичигт “Бид цэцэрлэгт сурч байгаа 75 мянга гаруй хүүхдүүдийн эцэг эхийн нэрийн өмнөөс дараах хүсэлтийг танд хүргэж байна. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 17.00 цагаас тардаг нь ажил албатай аав ээжүүдийн хувьд хүүхдээ цэцэрлэгээс нь цагтаа амжиж авах эсвэл ажлаа таслах сонголтод хүргэж байна. Үүнээс болж гэр бүлийн гишүүд болон ажилтан ажил олгогчдын дунд үл ойлголцол үүсэх зэрэг таагүй хүндрэлүүд үүсгэсээр багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү асуудлыг “18.00 цагт цэцэрлэг тардаг” болгон өөрчилбөл олон аав, ээж ажлаа тайван хийх нөхцөл бүрдэнэ. Дээрх шийдвэрийг гаргахад төсөвт ямар нэг хүндрэл гарахгүй. Цэцэрлэгийн ангийн багш нар ээлжлэн өглөөд 1 цагаар хойш ирж, оройд 1 цагаар хойш ажиллахад шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн аж.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооныхон энэхүү уриалгаа Нийслэлийн боловсролын газарт мөн хүргүүлсэн бөгөөд “боломжгүй” гэх товчхон хариулт авсан байна. Харин сайд Л.Гантөмөрт хаягласан хүсэлтийн хариу одоогоор гараагүй байгаа гэв.