Монгол цэргийн музейд "Монгол цэрэг-дэлхийн цэрэг” нэртэй энхийг сахиулагчдын шинэ танхим өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Афганистан, Сьерра Леон, Өмнөд болон Хойд Судан улсуудад үүрэг гүйцэтгэсэн Монголын цэргийн алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, дайнтай цагийн байдлыг илтгэх үзмэрүүд болон гэрэл зургууд дэлгэгдэн гарлаа. Үзэсгэлэнд Монгол Цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй энхийг сахиулах ажиллагааны дүрэмт хувцас, Монгол Улсын төрийн далбааны шатсан хэсэг, дэлбэрсэн пуужингийн үлдэгдэл, минаны хэлтэрхий зэрэг бодит түүхийг өгүүлэх биет үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэн тавьсан байв.
Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос эхэлж НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн албан хаагчдаа илгээж эхэлсэн билээ.. Давхардсан тоогоор нийт 8358 цэргийн алба хаагч, цэргийн баг, цэргийн ажиглагч болон штабын офицерууд энхийг дэмжих хариуцлагатай ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна. Үзэсгэлэнг энхийг сахиулагчдын гэрэл зургаас гадна тэдний авчирсан сонин содон зүйлсээр баяжуулан дэлгэсэн юм.
М.Болорцэцэг гэрэл зургийг Мөнх-Эрдэнэ