Дүүргийн I прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангийн хүмүүжигч нарын хийж буй ажилд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журам хэрхэн хангагдаж байгааг шалгажээ. Шалгалтаар тус хорих ангийнхан болон гэрээ байгуулан хүмүүжигч нарыг ажиллуулж буй компанийнхан ялтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулдаггүй, хорих ангиас гадуур гэрээгээр ажиллуулж буй хүмүүжигчдэд хөдөлмөр хамгааллын тусгай хувцас хэрэгсэл олгодоггүй байсан нь илэрсэн аж. Мөн гэрээгээр ажиллуулах газартаа бус, хүмүүжигч нарыг өөр ажилд ажиллуулж байсан гэнэ. Тодруулбал, “Өндөр буянт” компанийнхан ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангийн удирдлагатай хүмүүжигчдийг орон сууцны барилгад туслах ажилчнаар ажиллуулах гэрээ байгуулсан юм байна. Гэвч гэрээгээ зөрчин Өлзийт хороолол руу тавьж буй авто замд ажиллуулж байжээ. Ингэхдээ хөдөлмөр хамгааллын хувцас ч олгоогүй, зуны хувцастай хүйтэн өдөр ажиллаж байсан нь прокурорынхны шалгалтаар илэрсэн гэнэ.
Тиймээс прокурорын байгууллагынхан хүний эрхийг хамгаалах үүднээс хүмүүжигч нарыг яаралтай ангийн байрлалд татан оруулах шаардлагыг хорих 421 дүгээр ангийн дарга, хурандаа Г.Тэрбишид хүргүүлсэн сурагтай.