НҮБ-ын тооцоогоор өнгөрсөн 10 жилд ажил, үүргээ гүйцэтгэж яваад 600 гаруй сэтгүүлч амиа алджээ. Гэхдээ энэ нь ердөө албаны тооцоо, үүний цаана хэчнээн сэтгүүлч амь үрэгдэж, эрх нь зөрчигдсөнийг мэдэх аргагүй юм. Тиймээс сэтгүүлчдийн эрх ашиг болоод амь насыг нь хамгаалах, сэтгүүлчийн эрхийг зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг энэ жил манай улсад анх удаа арваннэгдүгээр сарын 2-нд тэмдэглэх гэж байна. Олон улсад 2010 оноос арваннэгдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг байсан энэ өдрийн талаар ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын Мэдээлэл харилцааны зөвлөх Андреа Кайрола Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын судалгаагаар манай улс хэвлэн нийтлэх эрх чөлөө болоод сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах тал дээр “дунд” үнэлгээ авч, дэлхийд 88-д жагсдаг. Хэдийгээр ардчилсан засаглалтай, харьцангуй чөлөөтэй авч Монголын сэтгүүлчид аливаа гэмт халдлага, заналхийлэлд өртөхгүй байж, гэмт этгээдийг ял шийтгэлгүй үлдээхгүйн тулд олон нийт болоод хууль тогтоогчдод сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл бодитоор оршдог болохыг илүү мэдүүлэх, түүний тулд өөрсд өө эрхээ мэдэж байх хэрэгтэйг А.Кайрола тэмдэглэв. Хөгжил буурай, дотоодын самуунтай орнуудад сэтгүүлчид аллага, хүчирхийллийн золиос болох нь их байдаг ч энэ нь дэлхий нийтийн асуудал болсон, хөгжингүй улсуудад ч ийм хэрэг олонтаа гардгийг тэрбээр ярьсан юм.
Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрөөр сошиал медиад санал, сэтгэгдлээ хуваалцаж, сэтгүүлчийн эрхийг хамгаалан дуу хоолойгоо өргөхийг ЮНЕСКО олон нийтэд уриалж байна.
Г.ЛХАГВА