Олон улсын эрх бүхий карт эзэмшигч гадаадын иргэдийн дансыг банкны карт уншигч (пос терминал) машин ашиглан луйвардаж байсан БНХАУ-ын иргэнийг шалгаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ-ын иргэн Лю Пэн гэгч нь манай улсын гурван иргэнийг энэ хэрэгт татан оролцуулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ. Тэрбээр энэ сарын 27-нд Сүхбаатар дүүргийн нутагт байрладаг итали зоогийн газарт олгосон манай арилжааны нэгэн банкны пос машиныг ашиглан 11 удаа гүйлгээ хийж их хэмжээний мөнгө авсан байна. Улмаар энэ сарын 28-нд манай улсын иргэн Т-ийн данс руу хууль бусаар авсан мөнгөө шилж үүлэн авч, түүнийхээ тодорхой хувийг дансаа ашиглуулсан иргэнд шагнал болгон өгсөн гэнэ. Тэрбээр энэ мэтээр манай арилжааны банкуудад их хэмжээний хохирол учруулаад буй аж. Энэ төрлийн гэмт хэрэг манайд анх удаа гарч буй юм биш.
Өнгөрсөн тавдугаар сард Хятадын гурван иргэн АНУ болон Канадын иргэдийн олон улсын эрхтэй дансны мэдээллийг хакеруудаас худалдан авч, түүнийгээ ашиглан хуурамч карт хийлгэн Монгол Улсад ирж, зочид буудал, рестораны карт уншигч машин (пос терминал)-ыг нь ашиглан 100-гаад мянган ам.долларын гүйлгээ хийсэн байжээ. Тэд уг рестораны эзэнд “Таван мянган ам.доллар өгье. Чиний дансыг ашиглаад 100-гаад мянган ам.доллар гадаадаас хүлээн авах гэсэн юм. Уг мөнгөөр ноолуур авах гэж байгаа” гээд карт уншигч машиныг авсан нь тогтоогдсон аж. Манай иргэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн гадаад, дотоодын иргэнд пос терминал машинаа ашиглуулж, тодорхой хэмжээний урамшуулал аван мөнгийг нь гаргаж өгч байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт хамтран оролцохгүй байхыг анхаарууллаа.
Г.ОРЧЛОН