Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Ирэх жилээс орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэж Засгийн газрын тэргүүн онцолж буй. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар нэлээд тайлбарлалаа. Тэрбээр “Төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын ашиглалт үрэлгэн байна. Иймд орон нутагт эрхийг нь өгч, тухайн жил аль сумандаа, ямар хэмжээний сургууль, цэцэрлэг барихаа аймаг, нийслэлийн удирдлагууд нь шийддэг байх ёстой. Орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүний санаа бодлыг тусгах боломжийг ч оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралын үед эзэнд нь зарцуулах эрхийг өгье гэсэн юм” хэмээн тайлбарласан.
Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Орон нутагт эрх мэдэл шилжүүлэх ажлыг буруу аргаар хийх гээд байна. Энэ байдлаар явбал орон нутагт төсвийн эрх мэдэл нэмэгдэхгүй” гэж шүүмжлэлтэй хандав. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Мөнгөгүй болонгуут багавтар мөнгө орон нутагт өгчихөөд, “Та нарт мөнгийг нь өгчихсөн шүү, юугаа барихаа өөрсдөө мэдээрэй” гээд орхих гэж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэхтэй холбоотой төслийг Төсвийн байнгын хорооноос дэмжихгүй байх нь зүйтэй. Төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч байна. Цөөн хэдэн төгрөг өгчихөөд орон нутагт эрхийг шилжүүлж байна гэж яриад явж болохгүй” хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлж байлаа. Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Орон нутагт эрх шилжүүлэх нь буруу юм уу. Эсвэл шилжүүлэх гээд байгаа мөнгө нь бага учраас буруу юм уу. Орон нутагт эрх шилжүүлнэ гэнгүүт мөнгө нь бага байна гээд шүүмжлэх юм. Зарчим нь зөв шүү дээ. Нийслэлийн удирдлагууд хэрхэн хэмнэх тооцоо, төсөөллөө УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. Ингэхэд нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой байх шаардлага байгаа ч юм уу” гэж Ерөнхий сайдыг “өмөөрсөн”. Мөн зарим төрлийн татварын хувь, хэмжээг нэмэгдүүлэх тухайд Засгийн газрын тэргүүн “Олон нийтийн хэлээд байгаа шигээр татвар нэмэх гэсэн зүйл байхгүй.
Нийслэлийнхний тавьсан хүсэлтийг судалсны үндсэн дээр “татвартай байж болно” гэсэн байдлаар төсөл боловсруулсан. Шүүмжлээд байхаар төслөө татсан шүү дээ” гэж байлаа. Төсөвтэй холбоотойгоор Боловсролын тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай зэрэг хуулиудад мөн өөрчлөлт орохоор буй. Тухайлбал, хувийн боловсролын байгууллагад олгодог хувьсах зардлыг багасгахыг зарим гишүүн эсэргүүцсэн. Үүнд Ерөнхий сайд “Хувийн сургуульд өгдөг хувьсах зардлыг төсвөөс хасах нь буруу биш. Хэдэн зуун ам.долларын төлбөртэй хувийн сургууль, улсын сургуулийн хооронд асар том ялгаа бий. Тэгээд ч хувьсах зардлыг нь огт өгөхгүй гээгүй. Ялгаатай байдлаар л тогтоохоор төсөлд тусгасан” гэсэн хариулт өгсөн. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардлыг нь харилцан адилгүй тогтоох гэж буй талаараа “Хувийн хэвшлийн сургуулиудын 80 хувь нь өмнө авч байсантай адил хэмжээний мөнгө авна. 10 хувь нь өмнө авч байсныхаа 80 хувийг авахаар байгаа юм. Таван сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг ялгаатайгаар тогтоох нь буруу зүйл биш” гэв.
Нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногт УИХ-ын гишүүд, төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах тухайгаа дуулгасан. Улсын өрийн хэмжээ, инфляц, бондын зарцуулалт гээд олон янзаар яригддаг тооны аль нь үнэн болохыг энэ үеэр эцэслэх юм гэнэ.
Б.УРАН