УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг хэлэлцэхээр товлосон байсан. Харин энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сайдыг огцруулах саналтай холбогдуулан тус намын бүлэг ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл завсарлага авах хүсэлт гаргалаа. Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулахтай холбогдсон болон цаг үеийн бусад асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан. Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс хуралдаанаа түр завсарлуулсан. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдаж, ярилцах шаардлагатай байна гэдгээ хэлсэн юм. УИХ-ын гишүүн М.Энхболд, Л.Цог нар “УИХ-ын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах саналаа өргөн бариад 14 хонож байна. Энэ бол зөвхөн нэг намын бүлэг, УИХ-ын хэдэн гишүүнээс тавьж буй асуудал биш, ард түмний олонхын санаа бодлын илрэхийлэл юм. Гэтэл асуудлыг хуулийн хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэх талаар байнгын хороо санаачилга гаргахгүй байна” гэдгийг энэ үеэр хэллээ. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан тул Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ирэх долоо хоногийн лхагва гараг хүртэл хойшлууллаа. УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг энэ сарын 17-ны өдөр өргөн барьсан. Энэ асуудлыг тус байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын таван өдрийн завсарлага авсан юм.