2014 оны 10 дугаар сарын 20-ноос 26-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 174.499 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.875(5.7%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар их байгаа юм. Мөн 10.000 хүн амд 36.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 2.7, өмнөх оны мөн үеэс 4.0 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Иймд иргэдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Үүнд:
• Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хувцсаа тохируулан өмсөх, даарч, хөрөхгүй байх,
• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,
• Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх
• Гараа тогтмол савандаж угаах
• Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх
• Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших
• Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
• Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх
• Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах,
• Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.