Батлан хамгаалахын дэд сайд Авирмэдийн Баттөрийн санаачилга, дэмжлэгтэйгээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байнгын байрлалд шинээр баригдсан Соёл, спортын төвийг ашиглалтад орууллаа.
Шинээр баригдсан Соёл, спортын төвийг ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд оролцсон Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр “Алдар гавьяаны түүхэн замналтай тус анги Зэвсэгт хүчний тэргүүний ангийн нэр хүндийг удаа дараа бататгаж, сүүлийн жилүүдэд улс, аймаг, Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулсан спорт, урлагийн олон уралдаан, тэмцээнд бахархам амжилт гаргаж байгаад туйлын баяртай байдаг. Энэхүү соёл, спортын төвийг шинээр нээснээр танай бие бүрэлдэхүүний бие бялдар-сэтгэл зүйн бэлтгэлжилт улам дээшилж, спорт, урлагийн олон алдартнууд олноор төрж гарна гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцолсон юм.
Энэхүү соёл, спортын төвийн нээлтийн үеэр ЦДБЭЧ, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн “Соёмбо” хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид амжилтаа танилцуулж, үзүүлэх тоглолт зохион байгуулсан юм.
Аймаг, сумын цолтой 32 бөхийн барилдаанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Биеийн тамир, спортын дарга, аймгийн заан, ахлах дэслэгч Д.Уламбаяр түрүүлж, аймгийн начин Т.Эрдэнэдалай үзүүрлэв.