Дархан-Уул аймгийн Дархан сумын 2, 4,10 дугаар багийн иргэдээс сүрьеэгийн тархалтын судалгаа авахаар боллоо. Тандалт судалгааг энэ сарын 30-наас ирэх сарын 17-ны хооронд аймгийн нийт хүн амын дунд хийнэ.
Дархан сумын хувьд дээрх багуудаас нийт 1800-аад иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож сонгогдсон хүмүүс заагдсан хугацаанд үзлэг судалгаанд хамрагдах аж. Тархалтын судалгааг аймгийн Эрүүл мэндийн газраас эрхлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтарч хийхээр болсон байна. Бэлтгэл ажлын хүрээнд Дархан сумын ЗДТГ, дээрх багуудын хэсгийн ахлагч нараар дамжуулж сонгогдсон айл өрхүүдэд судалгаанд хамрагдах урилгыг хүргүүлэх юм. Тус аймаг нь сүрьеэгийн өвчлөл, түүний тархалтаар улсын хэмжээнд хоёрт бичигддэг байна.
Жилд дунджаар сүрьеэ өвчний халдвар авсан 230, сард 18-20 тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа нь сүрьеэгийн өвчлөл, тархалт энэ аймагт өндөртэйг харуулж байгаа юм. Мөн олон эмэнд дасалтай сүрьеэгийн үзүүлэлтээр ч өндөрт ордог байна.