Дархан-Уул аймгийн Дархан сумын 2, 4,10 дугаар багийн иргэдээс сүрьеэгийн тархалтын судалгаа авахаар болов. Тандалт судалгааг өнгөрсөн сарын сарын 30-наас энэ сарын 17-ны хооронд аймгийн нийт хүн амын дунд хийнэ. Харин Дархан сумын хувьд дээрх багуудаас нийт 1800-аад иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож сонгогдсон хүмүүс заагдсан хугацаанд үзлэг судалгаанд хамрагдах аж. Тархалтын судалгааг аймгийн Эрүүл мэндийн газраас эрхлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтарч хийхээр болжээ. Бэлтгэл ажлын хүрээнд Дархан сумын ЗДТГ, дээрх багуудын хэсгийн ахлагч нараар дамжуулж сонгогдсон айл өрхүүдэд судалгаанд хамрагдах урилгыг хүргүүлжээ. Тус аймаг нь сүрьеэгийн өвчлөл, түүний тархалтаар улсын хэмжээнд хоёрт бичигддэг байна. Жилд дунджаар сүрьеэ өвчний халдвар авсан 230, сард18-20 тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа нь сүрьеэгийн өвчлөл, тархалт энэ аймагт өндөртэйг харуулж байгаа юм. Мөн олон эмэнд дасалтай сүрьеэгийн үзүүлэлтээр ч өндөрт ордог байна.