Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн орон сууцны компаниудын ашиглаж буй хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалтыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгажээ. Шалгалтад нийтийн аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийн 40 аж ахуйн нэгжийн харьяа ус, цахилгааны төлбөр тооцоог гүйцэтгэдэг 74 аж ахуйн нэгжийг хамруулсан аж. Ус сувгийн удирдах газартай усны төлбөр тооцоо хийдэг 194 аж ахуйн нэгж байдгийн 45 нь орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан байдаг аж.
Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүд баталгаажуулалтын хугацаа дууссан тоолуураар усны төлбөр тооцоо хийдэг, хэмжих хэрэгсэл суурилуулах тусгай зөвшөөрлийг Стандартчилал, хэмжил зүйн газраас аваагүй нийтлэг зөрчилтэй байжээ. Мөн зарим аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлгүйгээр цахилгааны төлбөр тооцоо гүйцэтгэдэг, айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн үнээр тооцдог байсан аж. Шалгалтаар 102 зөрчил илрүүлж, 61-ийг нь арилгуулж, усны 185 тоолуурыг баталгаажуулсан байна.