Ийм зарчим хэрэгжиж эхэлж буйг дуулгахад таатай байна. Туул голын онцгой хамгаалалттай бүсийн хур хогийг өнгөрсөн баасан гаригт цэвэрлэлээ. Гэхдээ хэн нэгний хаясан хог, хаягдлыг бусад нь цэвэрлэх бус, хаясан эзэн нь өөрсдөө цэвэрлэснээрээ онцлог. Туул голын сав газрын захиргаанаас нэг сарын хугацаанд шөнийн эргүүл гарч, шалгалт хийсний дүнд Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын хамгаалалтын бүсэд 20 орчим компани 20 мянга гаруй ам метр газарт барилгын болон зам засварын хог хаягдал хаясныг илрүүлжээ. Ингээд холбогдох газарт нь хандаж, ямар компани, хэн гэдэг хүн, хэчнээн хэмжээний хог, хаягдал хаясныг тодорхой болгосон байна. Үүний үр дүнд тухайн компанийнхан асгасан хог, хаягдлаа өөрсдийн зардлаар цэвэрлэсэн нь энэ.
Хүнд даацын машинуудын нүргэлээн, үнс мэт пургих тоос шорооноос өөр зүйлгүй эл хульхан энэ газарт хэн гээч нь хог хаягдлаа хэзээ овоолоод байгааг мэдэх аргагүй байсан. Харин одоо мэдэх боломжтой боллоо. Тодруулбал, Туул голын хамгаалалтын бүсэд хяналтын камер байршуулсан юм. Мэдээллийн самбарт “Хог, хаягдал хаяхыг хориглоно. Хаясан тохиолдолд Усны тухай хуулийн дагуу иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин, аж ахуйн нэгж байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тодоос тод, томоос том бичжээ.
Хур хогийг ачиж цэвэрлэх ажлыг хянаж байсан БОНХЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн С.Сүхбат “Туул голын сав газрын 180 мянга орчим ам метрт барилгын болон зам засварын хог асгасан байна. Энэ нь 10-15 жил хуримтлагдсан хур хог юм. Үүнийг хаясан эзнээр нь цэвэрлүүлэх, цэвэрлэх зардлыг нь гаргуулахаар Туул голын сав газрын захиргааныхан ажиллаж байна. Ямар компани, хэр хэмжээний хог хаясан нь тодорхойгүй байгаа учраас Шүүхэд нэхэмжлэл гаргаж, эзнийг нь тодоруулна” гэсэн юм. Мөн хамгаалалтын бүсэд хог хаясан компанийн хөрөнг өөр хяналтын камер сууриулах юм байна. Энд суурилуулсан камерыг ч хог, хаягдал асгасан компанийн зардлаар байршуулжээ.
Ч.БОЛОРТУЯА