Орон сууцны талбай дутуугаас цөөнгүй хүн хохирч, өнгөрсөн оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-т хандах болсон. Тэгвэл ийм асуудлаар хандаж буй хүний тоо сүүлийн саруудад цөөрч буйг тус газраас мэдээллээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш 50 орчим компаниас орон сууц авсан 700 орчим иргэн гурван тэрбум гаруй төгрөгөөр хохирсон. Үүнээс 1.5 тэрбум төгрөгийг компаниудаас бэлнээр гаргуулсан байна. Мөн СӨХ, байрны мөнгө, орон сууцны гэрээнд тусгасан үлдэгдэл төлбөрт нь шингээх зэргээр компаниуд оршин суугчидтай тохиролцон 400 орчим сая төгрөгийн хохирол барагдуулахаар болсон гэнэ.
Харин “Стандарт буруу байсан” гэж шүүхэд хандаад буй “Тайгам Алтай”, “Тектоник” компани иргэдийн хохирлыг барагдуулахг үй байгаа аж. Энэ талаар ШӨХТГ-ын хэлтсийн дарга Ч.Батбаатар “Энэ асуудал шүүхийн шатанд байгаа тул барилгын компаниуд дараагийн шатны шүүхийн шийдвэр яаж ч гарч болзошгүй, орон сууцны талбай хэмжих стандарт буруу байсан гэх шийдвэр гарч магадгүй гэж хүлээгээд байх шиг” гэлээ.