УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын захирагч-2014” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, Монголын хотуудын холбооны дэд ерөнхийлөгч С.Очирбат нар болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Баруун-Урт сумын захирагч М.Идэрбат, Бэрх сумын захирагч Х.Баасанжав, Дархан сумын орлогч дарга Б.Азжаргал, Даланзадгад сумын захирагч Ц.Баттулга нар оролцлоо.
А.Бакей гишүүн хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах, Монгол Улсын Үндсэн хуульд “хот” гэсэн нэгжийг бий болгох, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, батлуулах зэрэг олон асуудлыг холбогдох байгууллага, хууль санаачлагчдаас шийдвэрлэхээр санал тавьж, ажил хэрэг болгохоор ажиллаж буйг онцоллоо. Мөн Тэрбээр ”УИХ-ын даргын 2013 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн захиалгаар “Ардчилсан засаглалын институцийн хөгжил 1992-2012 сургамж ба шинэтгэлийн санал” судалгаа хийгдсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж гарсан. Тодруулбал нийслэлээс гадна зарим нутаг дэвсгэрийн нэгжийг хот гэж хүлээн зөвшөөрөх шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуульд “хот”-ын ангилал нэмж тусгах шаардлагатай байна гэсэн зөвлөмж гарсан. Үүнээс гадна хот тосгоны эрх зүйн байдлыг боловсронгуй болгож, хот, тосгонд зэрэглэл тогтоох, удирдлагыг томилох, чөлөөлөх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, оршин суугчдаас хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зэрэг олон чухал асуудлыг хуульчлах хэрэгтэй байна” гэв. Хэлэлцүүлгийн үеэр хотын захирагч нараас хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичигт хотын зэрэглэл тогтоох, статусыг тодорхой болгох, Төсвийн тухай хуульд “хотын төсөв” гэсэн ойлголтыг бий болгох, аймаг, сумын засаг дарга болон хотын захирагчийн эрхлэх ажил, үүргийг зааглан, ялгааг нь гаргаж хуульчлах зэрэг олон чухал санал гарлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан хотуудын бие даан хөгжих, бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бүрдүүлэх талаар хотын захирагч нар хамтран ажиллахаар болов.