Манай улс 1990 оноос хойш гаднын улс орнуудаас зээлсэн өрөө 2017 оноос төлж эхлэхээр байгаа. Тухайлбал 2017 онд нэг тэрбум ам.долларыг нэг дор төлөх ёстой байгаа гэнэ. Гэтэл өнөөдөр энэ мөнгийг ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх нь тодорхойгүй байгаа. Энэ асуудлыг өнөөдөр болсон УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлаар хэлэлцжээ. Тус эвслийнхэн Монголбанкны дэд ерөнхийлөгч, Сангийн яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг байлцуулан Монгол Улсын санхүүгийн байдлын талаар болон дээрх асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, мэдээлэл авсан байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн тус эвслийн бүлгийнхэн үзжээ. Учир нь өнөөдөр 41 тусгай сан байгаа хэдий ч ямар зарчмаар мөнгөө хуримтлуулж, зарцуулж байгаа нь тодорхойгүй байгаа аж. Хүний хөгжлийн сан л гэхэд өнөөдөр ямар эх үүсвэрээр бүрдэж байгаа нь ойлгомжгүйн дээр дээрх сангуудын мөнгө төсвөөр дамжиж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа аж. Тиймээс эдгээр сангийн хөрөнгө мөнгийг улсын төсвөөс хамааралгүй болгох эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай хэмээн үзэж байгаа талаар Н.Батцэрэг гишүүн ярилаа. Ирэх оны төсвийн төслийг УИХ одоо болтол батлаагүй байгаа. “Шударга ёс” эвсэл уг төсвийн төсөл хэмнэлтийн хатуу горимд шилжих шаардлага хангах ёстой хэмээн үзэж байгаа аж. Тиймээс Сангийн яамнаас төсвийн төслийн задаргааг ирүүлэхийг шаардсан байна. Уг задаргаатай танилцсанаар төсвийн урсгал зардлыг нэлээд танах боломжтой хэмээн үзжээ.