Азийн хотуудын нөөцийн цогц менежмент, хот байгуулалтын “Nexus” төслөөс бүс нутгийн дөрөвдэх удаагийн семинарыг энэ сарын 5-7-нд Улаанбаатар хотод зохион байгуулах болжээ. “Nexus” төсөлд хамрагдсан Азийн 10 хотыг төлөөлсөн 100 гаруй хүн уг үйл ажиллагаанд оролцох аж. Энэ үеэр “Nexus” төслийг хэрэгжүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтөд тусгах, иргэдийн оролцоог хангах талаар ярилцаж хэрэгжилтийн явцад учирч буй хүндрэл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, төлөөлөгчид туршлага ололтоосоо хуваалцах аж.
“Nexus” төсөл нь эрчим хүч, ус болон хүнсний хангамжийн салбарт найдвартай байдлыг хангах цогц төлөвлөлт, менежментийн арга замыг нэвтрүүлэхэд чиглэгддэг аж. Хот болон бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн инженерийн хангамжийн байгууллагуудыг “Nexus”-т хамаарал бүхий салбаруудын цогц төлөвлөлт, менежментэд хамруулах нь чухал гэж үзэн ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хороо (UN ESCAP) хамтран “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: хот байгуулалтын Nexus” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд Хятад, Индонези, Монгол, Филлипин, Тайланд, Вьетнам гэсэн зургаан улсын 10 хотод туслалцаа үзүүлж байгаа аж. Ингэхдээ хотуудын захиргаа, төлөвлөлт хариуцсан алба нэгжүүдийн нөөцийн цогц төлөвлөлт, менежментийн чадавхийг бэхжүүлэх, мөн боломжтой нөхцөлд “Nexus” төслийн санаачлагуудыг практикт нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэнэ. Түүнчлэн тухайн улс, нутгийн түвшинд хуримтлуулсан ололт, туршлагыг түгээх, хэлэлцүүлэг явуулахаас гадна мэдлэгийн сан үүсгэж, Азийн хотуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх аж.
Төслийн хүрээнд бүс нутгийн семинарыг гурван удаа зохион байгуулахдаа “Nexus”-т хамааралтай технологийн өнөөгийн түвшин, хотуудад хэрэгжүүлж буй төслүүдийн явц, ахиц дэвшлийг танилцуулж хэлэлцүүлсэн. Түүнчлэн хотуудын төлөөлөлд хот байгуулалтын “Nexus” санаачлагуудыг дэмжих орчин нөхцөл бий болгох талаар төр засгийн төлөөлөл болон холбогдох бусад талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгосон байна.