Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Замын цагдаагийн газрынхан тус тусынхаа мэдээллүүдийг нэгтгэх, солилцох, Авто тээврийн тухай болон бусад холбогдох хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ өнгөрсөн сард байгуулсан. Ингэснээр Авто тээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, үзлэг оношилгоо зэргийг хийхдээ нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл авах болсон байна. Ийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй жолоочийн машиныг техникийн үзлэгт оруулахгүй, шилжилт хөдөлгөөн хийхгүй байгаа аж. Авто тээврийн үндэсний төвийн захирал Т.Болдбаатар “Хамтарч ажилласны үр дүнд манайд өдөрт дунджаар торгуулиа төлөөгүй 500 гаруй жолооч ирж, зургаан сая орчим төгрөгийн торгууль барагдуулж байна” гэсэн бол нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож “Бид өдөрт 600-700 жолоочид торгуулийн хуудас илгээдэг. Тэдний 170 орчим нь автомашинаа оношилгоонд оруулаагүй байдаг” гэлээ.