Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн иргэдийг өнгөрсөн нэгдүгээр сараас камераар илрүүлэн торгодог болсон. Гэвч иргэд торгуулиа төлөлгүй тээврийн хэрэгслээ зардаг, худалдах, худалдан авах гэрээгээр нөгөөдөө шилжүүлээд, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд түүнийгээ тусгуулдаггүйгээс өмнөх эзэмшигчид торгуулийн хуудас очдог гэх мэт зөрчил гардаг аж. Тэр бүү хэл, тав, арван удаа зөрчил гаргасан хэрнээ торгуулиа төлөөгүй хүмүүс ч бий гэнэ. Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, хурандаа Ц.Ариунболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэд торгуулиа хэр төлж байна вэ?
-Зөрчил гаргасан иргэдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10.000 төгрөгөөр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг. 2014 он гарснаас хойш 580 мянга гаруй зөрчилд 5.8 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Өнөөдрийн байдлаар торгуулийн төлөлт 62 хувьтай буюу 3.4 тэрбум төгрөгт хүрээд байна.
-Торгуулиа хугацаанд нь барагдуулаагүй иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-14 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд 20 мянган төгрөгөөр дахин торгодог. Торгуулиа төлдөггүй, олон удаа зөрчил гаргасан иргэдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэх шаардлагатай байна. Бэлэн бус торгууль үр дүнтэй байгаа ч сөрөг зүйл бий. Тухайлбал, банкууд мэдээллээ дата төв рүү явуулахад тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Гэтэл банкныхан бага шимтгэл төлөхөө бодож, иргэдийн мэдээллийг нэгтгэж, нэг удаа 10-20 мянган хүний мэдээлэл явуулдаг байдал ажиглагдсан.