Авто тээврийн үндэсний төв “Өвөлд бид бэлэн” өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 7-нд зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд Улаанбаатар, Чойр болон Улаанбаатар, Бор-Өндөрийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд 9000 төгрөг байсан үнээ 6500 төгрөг болгож, хямдруулсан байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбатаас тодруулахад “Улаанбаатараас Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Дундговь аймгийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагууд тасалбараа хямдруулах талаар ярьж байна. Өдөрлөгийн хүрээнд хямд үнээр зорчуулж байгаа юм биш. Цаашид байнга энэ үнээр үйлчилнэ.Инфляц өсөх, шатахууны үнэ нэмэгдэхээс үл хамаарч, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тариф сүүлийн дөрвөн жил нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа аж ахуйн нэгжүүд зорчигчдоо татах, сурталчлах үүднээс олон ажил санаачлан хийж байгаагийн нэг нь энэ” гэв.