Тахарын ерөнхий газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүх, прокурорт хэргийг хянаж байхад оргосон цөөнгүй хүнийг баривчилсан бол иргэний хэргийн хариуцагчаар татагдаад хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд очихгүй байгаа албан тушаалтан, иргэдийг албадан ирүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Тус газрынхан өнгөрсөн есдүгээр сараас хойш иргэний хэргийн хариуцагч 100 гаруй хүнийг шүүхэд албадан ирүүлсэн бөгөөд өдгөө 50-аад хүнд албадлагын арга хэмжээ авахаар материалыг нь цуглуулж, ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэдний дунд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав байсныг Тахарын ерөнхий газрын албаны хүн хэллээ. Нэгэн офицер нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн гомдол Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд гаргасан аж. Уг хэргийг нь шийдвэрлэхээр ЗХЖШ-ын даргыг шүүхээс удаа дараа дуудсан боловч ирэхгүй байжээ. Тиймээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүх албадан ирүүлэх захирамж гаргасан юм байна. Энэ талаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн эх срувалж “ЗХЖШ-ын даргад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэх шүүх хурлыг товлож, удаа дараа шүүхээс дуудсан албан тоот хүргүүлсэн боловч ирэхгүй байсан тул албадан ирүүлэх захирамж гарган, Тахарын албанд хүргүүлсэн” гэв.Түүний дагуу Тахарын албаныхан ажиллагаагаа эхлүүлж байтал өөрөө болон ЗХЖШ-ын Хуулийн тасгийн ажилтнаа явуулж, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдсөн талаар Тахарын ерөнхий газрын албаны эх сурвалж хэллээ.