Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд саяхан Сэлэнгэ аймагт ажиллаж, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж яваад иржээ. Энэ үеэр тус аймагт монополь эрхтэй шахам ажилладаг, “Шинэ Бадрах” компанийнхан хууль бусаар их хэмжээний буюу тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний мод бэлтгэснийг тогтоожээ. Бидэнд олдсон мэдээллээр “Шинэ Бадрах” компанийн захирал нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Байгаль орчны салбар зөвлөлөө хариуцдаг Д.Бадрах гэдэг хүн гэнэ. Нутгийнхан нь түүнийг Баатар гэж нэрлэдэг аж. Байгаль орчны салбар зөвлөлөө тэргүүлдэг Д.Бадрах нь 1994 онд уг компанийг байгуулан өдгөө хүртэл захирлаар нь ажиллаж буй бөгөөд тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг мод, модон материалын зах нь “Шинэ Бадрах” компанийн эзэмшилд байдаг гэнэ. Хууль хяналтын байгууллагынхан Сэлэнгэ аймагт ажиллаад зөвхөн 2014 оны эхний есөн сарын байдлаар Түшиг, Цагааннуур сумын нутгаас ойн арчилгаа, цэвэрлэгээ нэрийн дор хууль бусаар 4470 шоо метр мод огтолсныг нь тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ. “Шинэ Бадрах” компанитай холбоотой хууль бус мод бэлтгэсэн, үүний улмаас гурван хүний амь нас хохирсон асуудал өнгөрсөн онд гарч байсан ч тус аймгийн Цагдаагийн газрынхан тэгсхийгээд дарж, гурван хүний амь нас хохирсон хэргийг жолоочийнх нь буруутай үйл ажиллагаа байсан хэмээн хаасан гэх мэдээлэл бий.