Нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 5, 6, 8, 14, 16, 19, 22 дугаар хороодын нутаг дэвсгэрт хийгдэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламжийн трасст орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг шийдвэрлэжээ. Тодруулбал тус захирамжинд дурдсан гурван иргэн, нэг аж ахуйн нэгж байгууллагад олгох 140 648 954 төгрөгийн нөхөх олговрыг олгож гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Харин иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар даалгалаа.