Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн хэмжээнд ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг зарладаг болоод гурван сар өнгөрчээ. Тус газраас Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.1 дэх зүйлд зааснаар “Өрсөлдөөний соёлыг төлөвлшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих“ бүрэн эрхийнхээ хүрээнд сар бүрийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг гаргах болсон юм.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор IX, X сард сурах бичгүүд эрэлттэй байжээ. Тиймээс Х сарын шилдэг борлуулалттай номоор “Эрдмийн тулгуур” шалгарсан байна. “Мир”, “Мажестик”, “Аз хур”, “Номуун соёл” номын дэлгүүрийг оролцуулсан уг жагсаалтын эхний 10-т “Эрдмийн тулгуур”-аас гадна В.Инжинаш “Хөх судар”, Шейрил Сандберг “Өөдөө тэмүүл”, “Болор судар” хэвлэлийн газрын “Миний дэлхий” зэрэг номнууд багтжээ.