Нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Ерөнхий төлөвлөгөөний газрын шалгалтаар нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 150 барилга буйг тогтоосон. Үүнээс 21-ийг нь буулган, газарт нь шинэ барилга барих болсон юм. Үүнд Хан-Уул дүүргийн II, III хороо, Нэхмэлийн шарын байрнууд багтсан. Дахин барилгажуулалтад хамрагдах болсон тус байрны оршин суугчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг байрнуудыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг өнөөг хүртэл сонгон шалгаруулаагүй байгаа. “Орчлон констракшн” дүүргийн эрх мэдэлтэй хүмүүстэй хуйвалдаж, дахин барилгажуулах тендерт ялах гэж байна. “Фүжи холдинг” оршин суугчдад тус компаниас илүү санал тавьж байгаа тул оршин суугчид энэ компанийг дэмжиж байна” гэсэн иргэдийн хэл ам гарч байгаа. Тэгвэл өнөөдөр мэдээлэл хийсэн оршин суугчид үүний эсрэг зүйл ярьсан юм. Тус компани “Орчлон констракшн” 2-3 жилийн өмнөөс тус байрны иргэдтэй зөвшилцөн, энэ жилээс барилгын ажлаа эхлэхээр зарим айлд түрээсийн төлбөр өгөөд нүүлгэчихсэн байтал “Фүжи холдинг” гэх компани гаргаж ирж, ажлыг нь саатууллаа гэж тэд үзэж байна. “Орчлон констракшн”-аас түрээсийн мөнгө авч байраа сулласан 12-13 айл байсан ч энэ асуудлыг будлиантуулснаас өнгөрсөн бямба гаригт буцаад нүүн иржээ. Ингэж хэрхэх нь тодорхойгүй иргэдийг чирэгдүүлж байхаар холбогдох газрууд нь цаг алдалгүй арга хэмжээ авч, нэгэнт ажлаа эхэлсэн “Орчлон констракшн” компанийн ажлыг үргэжлүүлээсэй гэж оршин суугчид мэдэгдэв.