Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 375 жилийн ойг угтан Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зарласан дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн ажлыг дүгнэх болзолт уралдааныг зарласан билээ. Уралдаанд есөн дүүрэг өрсөлдсөнөөс Баянзүрх дүүргийн Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс дэд байрт шалгарч, өргөмжлөлийн эзэд боллоо.
Болзолт уралдааны хүрээнд тус хэлтсээс “Их хотын хямдрал-375” үзэсгэлэн худалдааг Жуковын талбайд зохион байгуулсан юм. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг худалдаа, үйлчилгээний болон жижиг дунд үйлдвэр эрхэлдэг 48 аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцож 5-60 хувийн хямдрал үзүүлэн Баянзүрхчүүддээ бэлэг барьсан юм.
Мөн худалдаа үйлчилгээний “Алтан жолоо” групп ХХК-ийн “Сансар” супермаркетын салбарууд, “Номин”, “Боса” ба “Хоме плаза” дэлгүүрүүд 10-60 хувь, үсчин гоо сайхны “Гоёмсог”, “Голден сом” ХХК-ийн салонууд өөрийн байранд 30 хүртэл хувийн хямдралыг зарлуулан ажиллуулжээ.