Туул голын ус дээд хэсгээрээ буюу гадаргын усны цэврийн зэргийн ангиллын нормоор “бохирдолт бага” ангилалд багтаж байгаа.
Харин хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлүүлж буй Сонгинын гүүрээс эхэлж эрс бохирдож “их бохирдолттой” ангилалд хамрагдаж ус ашиглалтын аль ч төрөлд ашиглах боломжгүй болоод байгаа ажээ.
НМХГ-аас Туул голын усны бохирдлын түвшинг тогтоож, бохирдлын шалтгаан нөхцөлийг тодруулсан байна. Энэ ангилалд хамрагдсан усыг унд, ахуй, үйлдвэрлэл гээд аль ч төрөлд ашиглах боломжгүй байдаг талаар мэргэжлийн хяналтын байцаагчид ярьж байна.
Туул голын сав газар нь таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлдэг. Уг сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь хамрагддаг гэж тэмдэглэсэн байдаг билээ.
Туул гол бохирдож буйн нэг шалтгаан нь арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой байдаг гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Мэргэжлийн хяналтын энэ онд хийсэн шалгалтаар арьс, ширний үйлдвэрүүдээс химийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.37 дахин их, усны орчин 1.1 дахин их хэмжээгээр ялгарч байгаа аж. Тиймээс өмнөх оныхоо зөрчлийг давтсан, тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, нэмэлт тодотгол хийгдээгүй болон менежментийн төлөвлөгөөгүй ажилласан арьс, шир боловсруулах “Содон цуурай”, “Их асар”, “Буурал гол” үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ.