Биеэ үнэлэгчдийн мөнгө олох арга нарийсаж, таксины жолооч нартай үгсэн үйлчлүүлэгчдээ луйварддаг болсон гэнэ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн цагдаагаас тодрууллаа.
-Биеэ үнэлэгчид таксины жолоочтой үгсэн иргэдийг яаж луйварддаг юм бэ. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл өгөөч?
-Биеэ үнэлэгчдийг авдаг хүмүүс машинтай ирдэг. Биеэ үнэлэгч машинд нь суугаад эхлээд төлбөрөө төлөхийг шаардана. Төлбөрөө аваад “Урд талын таксинд манай босс хүлээж байгаа учраас мөнгөө өгчихөөд ирье” гээд буудаг. Ийнхүү хүлээлгэсэн таксиндаа суугаад зугтдаг. Уг такси нь улсын дугааргүй байдаг юм. Урьдаас сайн төлөвлөж, таксины жолоочтой тохиролцсон байдаг. Иргэдийг ингэж луйвардсан хэрэг нэлээд хэд гарсан. Мөн тухайн үйлчлүүлэгчийн уух юманд унтуулах эм, бэлдмэл хийгээд унтсан хойно нь мөнгө, эд зүйлсийг нь хулгайлаад зугтсан тохиолдол олон.
-Тэдэнд ямар арга хэмжээ авдаг вэ?
-5000 төгрөгийн торгууль ногдуулж, байгаа газраас нь явуулдаг.
-Луйвардуулсан иргэд цагдаагийн байгууллагад ханддаг уу?
-Ганц, хоёр хүн хандаж байсан. Биеэ үнэлэгч авах нь хууль бус үйлдэл учраас тухайн хүн өөрөө буруутан болдог.
З.САЙНЗАЯА