“Дэлхийн түүхийг мэдье гэвэл Монголын түүхийг мэд. Монголын түүхийг мэдье гэвэл цэргийн түүхийг нь мэд” гэсэн гайхамшигтай үг оюун бодолд минь үргэлж хадаатай байдаг. Монгол цэргийн баатарлаг замнал, суу билэг бол Монголын түүхийн эх ундарга нь. Бид даян дэлхийд дэг ёс тогтоож явсан өвөг дээдсийн үр сад. Тиймээс монгол хүн бүр түүхээ мэддэг байх ёстой. Тэр тусмаа дэлхийн хаана ч байхгүй, ухаж ойлгож баршгүй, гүн ухаан шингээсэн, үр хойчдоо гэрээс, сургаал, зарлиг болгон бичиж үлдээсэн “Монголын нууц товчоо”-г хүн бүр, тэр тусмаа эр цэрэг, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн судлан, утгыг нь тайлсан байх учиртай.
Морин хуураа айл бүр хоймортоо залсан шигээ түүхийнхээ алтан судрыг шүтэн дээдэлж, санаж сэрж явагтун” хэмээн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ цэрэг дайчдад “Монголын нууц товчоо” өврийн ном гардуулахдаа хэлсэн. Цэргийн албанд мордсон хүн бүрийг Монголоороо, эх түүхээрээ бахархдаг, үндэсний гэсэн бүхнээ дээдэлдэг, жинхэнэ эх оронч болгон төлөвшүүлэхэд энэ ном чухал үүрэгтэйг Улаанбаатар цэргийн хүрээний ангийн захирагч нар онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 155 дугаар зарлиг, Д.Бат-Эрдэнэ сайдын 340 дүгээр тушаалаар баталсан “Батлан хамгаалах салбар ба эх оронч үзэл” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг “Монголын нууц товчоо” номтой болгох явдал.
Эхний ээлжинд 10 мянга гаруй өврийн ном хэвлүүлж, өчигдөр Зэвсэгт хүчний дайчид, хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөлд бэлэглэсэн юм. Том, жижгээрээ бичгийн А4 цаасны дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэй “Монголын нууц товчоо”-г цэрэг дайчдад зориулан үргэлж халаасандаа авч явахад авсаархнаар хэвлэжээ. Номны эхний хуудсанд тухайн алба хаагчийн овог, нэр, албан тушаалыг бичсэнээрээ онцлог байв. Б.Гантулга “Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын нууц товчоо”- г өрх бүр залах зарлиг гаргаж, сүслэн дээдлэхийг уриалж байсан бол өдгөө эх орны ирээдүй болсон цэрэг эрс бидний гарт өврийн ном болон ирж байгаад туйлын баяртай байна. Монголын их хаадын угсаа, нүүдэлчдийн ахуй амьдрал, үндэсний түүх, ёс заншлын нэвтэрхий толь, он цагийн дарааллын бичээс “Монголын нууц товчоо”-г гардан эзэмшигч Чингис хааны хишигтэн цэрэг, тэдний үр хойч болсон бид түгээн дэлгэр үүлж, эх орныхоо залгамж халаа болсон хойч үедээ өвлүүлэн үлдээхээ тангараглаж байна” гэв.
О.БАТ-УНДРАХ