Сүхбаатар аймгийн төвийн малтай иргэд “Хот суурин газарт мал маллалаа” хэмээн нүд үзүүрлэгдэхээ больжээ. Баруун-Урт сумаас долоон км зайтай газарт 50 айлын “Таван эрдэнэ” хороолол байгуулснаар энэ асуудлыг шийдвэрлэсэн байна. Бүх төрлийн малыг аймгийн төвөөс гаргаж, малчдын хороолол байгуулахад орон нутгийн төсвөөс 390 сая төгрөг зарцуулсан аж. Төвлөрсөн усан хангамжтай, цахилгаантай, зам тавьж, холбоо, худалдаа, үйлчилгээний цэг салбар, эмнэлэг байгуулсан энэ хороололд суурьшсан малчид хашаан доторх цоргоо нээгээд л ундны усаа авдаг, малаа усалдаг болсон байна.