-Хорт хавдрыг эрт үед нь хэрхэн илрүүлэх талаар гаднын мэргэжилтнүүд туршлага хуваалцлаа-
Монгол Улс нэг хүнд ногдох ходоодны хавдрын тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсаж байгаа гэх харамсмаар мэдээ бий. Гурван сая хүрэхгүй иргэнтэй манай улсад жилд 600-800 орчим хүн ходоодны хорт хавдраар өвчилж буй дүн гарчээ. Тэдгээрийн дийлэнх буюу 85 орчим хувь нь хорт хавдрын хожуу үед илэрдэг байна. Улмаар тэдний 30-40 хувь нь хорт хавдраар өвчилснөө мэдсэнээс хойш ердөө нэг жил амьдардаг аж. Үхлийн шалтгаант энэ өвчнийг 50-60 насны хүмүүс тусдаг байсан бол сүүлийн жилүүдэд 20 гаруй настай залуус ч хорт хавдраар шаналах болжээ. Уг нь ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл бүрэн эдгэрдгийг эмч нар дуулгаж байна. Тэгвэл Монгол Улсад анх удаа уян дурангийн эмч нарт зориулан “Хоол боловсруулах дээд замын хавдрын эрт илрүүлэлт” сэдэвт ахисан түвшний сургалтыг өнгөрсөн бямба гаригт Улсын гуравдугаар төв эмнэлэгт зохион байгууллаа. “Медимпекс интернэйшнл” компанийн санаачилсан, Японы “Olympus”, ANBIG (Азийн ялгасан гэрлийн дүрслэлийн эмч нарын бүлгэм)-ийн дэмжлэгтэйгээр, Монголын дурангийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан тус сургалтад 20 орчим эмч хамрагдсан юм.
Энэ үеэр тэдэнд улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэсний дурангийн оношилгоонд NBI (ялгасан гэрлийн дүрслэл) технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах, уян дурангаар салст хуулах эмчилгээ, цус тогтоох аргачлалыг бодитоор үзүүлэн, гардан хийх ур чадвар олгох сургалт хийлээ. Тус сургалтыг Осакагийн Анагаахын төвийн Ходоод гэдэсний замын хавдар судлалын тасгийн орлогч захирал, доктор Норияа Уэдо, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Дурангийн оношилгоо, эмчилгээний тасгийн эрхлэгч, доктор А.Баттулга нар удирдан явуулсан. Хоол боловсруулах эрхтний өвчний оношилгоо эмчилгээнд уян дурангийн арга тэргүүлэх ач холбогдолтой аж. Дэлхий дахинд уян дурангийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн хөгжиж видео дуран, 100 дахин өсгөгч микроскоптой дуран, хэт авиат уян дуран, рентген шинжилгээтэй хавсарсан цөс нойр булчирхай сэтгүүрдэх шинжилгээ, дурангийн мэс заслын багажууд сайжирч эмнэл зүйн практикт уян дуран, хэт авиат уян дуранг хэрэглэх болсноор хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийн шалтгаан, үе шатыг тогтоох, хорт хавдар болон зарим өвчний эрт үед дурангийн аргаар илрүүлж эмчлэх, үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахад шинэ эргэлт болж буй нь сайн хэрэг.
Уян дурангийн технологийн дэвшил NBI буюу ялгасан гэрлийн дүрслэлийг дурангийн шинжилгээнд ашиглах нь эмгэг өөрчлөлтийг илүү нарийвчлалтай тодруулж, хавдрын судасны гаж хөгжлийг илрүүлэн, улмаар эрт үед нь оношлох боломжийг нэмэгдүүлдэг давуу талтай юм байна. Энгийнээр хэлбэл, хүний ходоод дөрвөн давхартай байдгийг эмч нар тайлбарлав. Хэрэв ходоодны хорт хавдрыг эрт үед нь буюу хамгийн өнгөн давхраан дээр, бага хэмжээтэй байхад нь илрүүлж чадвал дурангийн тусламжтайгаар хуулчихаж болдог байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хагалгаа хийлгэхгүйгээр өвчнөөсөө сална гэсэн үг. Ингэснээр эмчилгээ хийлгэх, цаашлаад амь насаа алдахаас сэргийлэх төдийгүй маргааш нь ч босоод ажил албандаа явах боломжтой. Эрт үед нь оношилчихвол хавдар бусад эрхтэнд үсэрхийлэхгүй учраас тэр. Эндээс хавдрыг эрт үед илрүүлэх нь хэчнээн чухал гэдэг нь ойлгогдох биз ээ. Улсын гуравдугаар төв эмнэлэгт өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан сургалтын зорилго ч үүнд оршино. Энэ талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Дурангийн оношилгоо, эмчилгээний тасгийн эрхлэгч, доктор А.Баттулга “Улсын болон хувийн тэргүүлэх зэргийн эмнэлгүүд NBI технологийн дурангуудтай болсон. Түүнийгээ хэрхэн илүү сайн ашиглах вэ гэдгийг гаднын туршлагатай мэргэжилтнүүд зааж байна. Хавдрын өөрчлөлт өөр өөр харагддаг тул түүнийг илрүүлдэг технологийг эзэмшихийн ач холбогдол их. Ийм сургалтыг Азийн олон оронд зохион байгуулдаг. Дэлхий даяар тохиолдож байгаа ходоодны хорт хавдрын бараг 50 хувь нь Зүүн Азийн орнуудад ногддог. Иймээс тус технологийг нэвтрүүлэх шаардлага өндөр байдаг гэсэн үг” гэж ярилаа.
ANBIG нь NBI технологийг ашиглан хавдар оношилсон мэдээллээ хоорондоо солилцдог, тус технологийг улам хөгжүүлэхэд анхааран ажилладаг хүмүүсийн групп юм байна. А.Баттулга “Жилд ходоодны хорт хавдраар өвчилж байгаа 800 орчим хүний 10 хүрэхгүй хувь нь л эрт оношлогдож байгаа. Өнгөрсөн онд бид Японы эмч нартай хамтарч судалгаа хийсэн. Ходоодны хорт хавдар үүсгэдэг шалтгаан нь хеликобактери. Монголд хеликобактерийн халдвар өндөр байгаа нь ходоодны хорт хавдар их байх нөхцөл болж байгаа. Япон, БНХАУ, БНСУ-д хорт хавдрын шалтгаан болж буй хеликобактерийн геном (удамшлын бүтэц) нь монгол хүнд тохиолдож байгаа хеликобактерийн геномоос өөр гэсэн судалгааны дүн гарсан. Өөрөөр хэлбэл, Азийн бусад оронд хорт хавдар үүсгэж байгаа хеликобактерийн төрөл нь нэг ижил байхад монголчуудынх өөр гэж гарсан. Бас байрлалын хувьд ялгаатай байдаг.
Азийн бусад орнуудынхтай харьцуулахад эмчлэхэд түвэгтэй байрлалтай байдаг. Тэгэхээр бид хавдрыг аль болох эрт илрүүлэх нь чухал” гэж анхаарууллаа. Хавдрыг хожуу үед илрүүлэх нь бүрэн эмчлэгдэх магадлалыг бууруулах учраас тэр аж. Өмнө нь зардлаас болоод цөөн тооны эмч нар гаднын оронд очиж сургалтад хамрагддаг байсан бол Улсын гуравдугаар эмнэлэгт зохион байгуулсан “хичээл”-д дотоодын 20 орчим дурангийн эмч хамрагдсан юм. Хавдрыг жижиг байхад дурангийн аргаар эмчлэх аргыг заасан нь эмч нарт маш чухал сургалт болсон тухай тэд тэмдэглэж байлаа. Хавдрын өнгөц жижиг хэсгийг харахгүй алдах эрсдэл байдаг учраас тэр болов уу. 2008 онд гаргасан статистик мэдээллээр Монгол орон улаан хоолойн өмөн буюу хавдраар 100.000 хүн амд 18.7 тохиолдлоор нэгдүгээрт, ходоодны өмөнгийн тохиолдлоор дээрх тооны хүн амд 34 тохиолдлоор дэлхийд хоёрдугаарт жагсаж байжээ. Түүнчлэн 2002 онд хоол боловсруулах тогтолцооны өвчин 10.000 хүн амд 356 байсан бол арван жилийн дараа 1027.8 болж нэмэгдсэн байна. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, нойр булчирхайн өмөн, эмэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний хорт өмөн тэргүүлэх шалтгаан болж байгаа аж. Өвчлөлийн тоо ийм өндөр байхад Улсын гурвдугаар төв эмнэлгийн Дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг жилд дунджаар 5000 гаруй хүнд дурангийн оношилгоо, эмчилгээний тусламж үзүүлж буй нь Монгол орны нийт хүн амын ердөө 0.3 хувийг эзэлж, эдгээрээс дурангийн эмчилгээ хийх шаардлагатай үйлчлүүлэгчийн тав хүрэхгүй хувь нь хамрагдах боломжтой байгаа аж.
Дурангийн тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, туслах багаж, хэрэгсэл, өрөө тасалгааны хүрэлцээ, эмч мэргэжилтнүүдийн орон тоо цөөн, мэргэжил ур чадвараа дээшлүүлэх сургалтын бааз дутмагаас дурангийн тусламж үйлчилгээг хүн амд шуурхай, цаг алдалгүй хүргэх боломж хомс, хүлээгдэл чирэгдэл ихтэй байгаа гэнэ. Үүнээс шалтгаалж улаан хоолой, ходоодны хавдар хэт хожуу үедээ оношлогдож байгаа нь салбарын эмч мэргэжилтнүүд төдийгүй Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал болж буй юм байна. Дээрх сургалтыг санаачлан, зохион байгуулсан “Медимпекс интернэйшнл” нь 2005 оноос Япон улсын дуран үйлдвэрлэгч “Olympus” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Тус компани хамтын ажиллагааныхаа хүрээнд салбарынхаа эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд зориулан тогтмол сургалт, семинар зохион байгуулж ирсэн туршлагатай.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ахисан түвшний сургалтыг цаашид дахин зохион байгуулахаар “Медимпекс интернэйшнл”-ийнхэн төлөвлөжээ. Сургалтын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Т.Отгонтуяа “Манай компани эрүүл мэндийн салбарт 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид иргэдийн эрүүл мэндийн төлөө олон ажил зохион байгуулсан. Эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээр сургалт семинар зохион байгуулах, нийгэмлэг холбоодын үйл ажиллагааг дэмжихэд ихээхэн анхаарч ирсэн” гэв. “Медимпекс интернэйшнл” компанийнхан нийгмийн хариуцлагын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн гуравдугаар сард гарын үсэг зуржээ. Улмаар тус эмнэлгийн Дурангийн оношилгоо, эмчилгээний тасгийн үйл ажиллагааг сайжруулах, уян дурангийн оношилгоо эмчилгээний шинэ арга аргачлалыг нэвтрүүлэх, дурангийн нарийн мэргэжлийн эмч нарыг хөгжүүлэх гэсэн зорилгоор “Эрт илрүүлэлт, Амьдрал бэлэглэнэ” төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм билээ.
Энэ талаар Т.Отгонтуяа захирал “Хоол боловсруулах дээд замын хавдрыг эрт илрүүлэх нь төслийн гол зорилго юм. Үүний хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дурангийн оношилгоо, эмчилгээний тасгийг тохижуулаад байна. Мөн өнгөрсөн тавдугаар сард Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд очиж, Японы “Olympus” фирмийн NBI технологитой дурангаар 150 өвчтөнд дурангийн оношилгоо хийсэн. Үр дүнд нь ходоодны хожуу үеийн хавдартай нэг, хавдрын урьдал өвчинтэй гурван хүний өвчнийг илрүүлсэн нь бидний ажлын үр дүнг харуулж байгаа гэж бодож байна” хэмээн ярилаа.
Б.Бямба