Говь-Алтай аймаг энэ сарын 16, 17-нд ес дэх жилдээ “Их говийн тэмээний баяр” тэмдэглэхээр зэхэж байна. Төгрөг суманд болох энэ баярыг энэ жил ҮХААЯ хамтран зохион байгуулж, тэмээчдийн зөвлөгөөн хийж, тэмээн сүргийг өсгөх талаар төрөөс явуулж буй бодлого, чиглэлийг хэлэлцүүлэн, санаа оноог нь сонсох юм. Тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэн, тэмээ маллах арвин туршлага хуримтлуулсан “Шилдгийн шилдэг" нэг тэмээчнийг 10 лангийн мөнгөн буйл хүлээж байна. Тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, жуулчдыг татах зорилгоор 2005 онд анх УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийн санаачилгаар энэ баярыг зохион байгуулсан түүхтэй.