Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит, Хэнтий аймгийн номын сан 70 жилийнхээ ойн хүрээнд гэрийн шилдэг номын сан шалгаруулжээ. Уг уралдаанд Монголын болон гадаадын уран зохиол, улс төр, хууль эрх зүй, танин мэдэхүй, шинжлэх ухаан, бизнес, түүх, соёл, зан заншил, спорт, эрүүл мэнд, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, цэрэг эх орны зэрэг төрөл бүрийн сэдэвт 550 номоороо С.Ганболд түрүүлсэн байна. Тэрбээр 1970-аад оноос ном цуглуулан, уншиж судлан, ажил амьдралдаа хэрэглэж ирсэн аж. Москвад Хилийн цэргийн дээд сургуулийг цэргийн команд штабын мэргэжлээр төгсөөд Халх голын 0198 дугаар ангид 11 жил алба хашсан түүнд цэрэг эх орны сэдэвтэй ном нэлээд байдаг гэнэ. Армиас чөлөөнд гараад Баян-Овоо сумандаа бөхийн клуб нээж, жүдо бөхийн дасгалжуулагчаар ажилласан цагаасаа спортын холбогдолтой ном цуглуулдаг болжээ. С.Ганболд байнга уншиж хэрэглэдэг номнуудаа гэрийнхээ номын тавиурт өрсөн бол бусдыг нь цаасан хайрцагт хураажээ.