Монгол улсын Шинжлэх ухааны Академи, хөдөө, орон нутагтай хамтран ажиллах хүрээнд Ховд, Архангай, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Төв зэрэг аймгуудтай хамтарч ажиллаж байгаа билээ.
ШУА–иас санаачлан орон нутагтай хамтран байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, ховор, ашигт амьтан, ургамлын тархац нөөцийг тогтоох, цөлжилт, бэлчээрийн талхагдал, түүх дурсгалт газрыг хамгаалах, ашиглах болон зарим аймгийн мал аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, хүн амын хөгжил, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр Ховд, Архангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгуудтай хамтарч байгаа юм.
Тухайлбал Ховд аймгийн Дөргөнө сумын Аргалант багийн төвийг ногоон эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжсэн үлгэр жишээ багийн төв болгох зорилгоор “Үлгэр жишээ багийн төв” төсөл, Ховд аймгийн “Шим Ус” ХХК-тай хамтран тус аймаг дахь халуун усны газруудын хэрэглээний халуун усыг нарны эрчим хүчээр халаах зорилгоор “Нарны энергийг халаалт, халуун усны хэрэгцээнд ашиглах” зэрэг төслүүдийг боловсруулан захиалагч байгууллагуудад нь хүргүүлээд байна. Мөн Баянхонгор аймагт уст цэгүүдэд шинжилгээ хийж гидрохимийн зураглал зохиох, сумын төвүүдийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулан ажиллажээ.
Улмаар ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор академийн эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдээс идэвх санаачилгатай хамтран ажилласан аймаг орон нутгуудын номын сан, ЕБС-иудад ном хандивлах үйл ажиллагааг есдүгээр сараас эхэлж зохиож байгаа юм. Энэ ажил мөн өнөөг хүртэл үргэлжилж, 21 аймагт 4 сая төгрөгийн өртөг бүхий 100 ширхэг номыг бэлэглэсэн байна.. Өчигдөр идэвхтэй хамтран ажиллаж сум, орон нутгаа хөгжүүлж буй Архангай, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын удирдлагуудад 4 сая төгрөгийн үнэ бүхий ном, бүтээл хандивласныг аймгуудын төлөөлөлд гардуулан өглөө.