Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан саналыг өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцсэн юм. Өнгөрсөн сарын 17-нд өргөн барьсан уг саналыг хэлэлцэхээс “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав, АН-ын бүлэг мөн ажлын тав хоногийн завсарлага авснаар ийнхүү хойшлогдоод байсан юм. АН-ын бүлгийн асан завсарлага өнөөдөр дуусгавар болсноор ийнхүү асуудлыг хэлэлцэж, 19-өөс 17 гишүүн буюу 84.2 хувийн ирцтэйгээр байнгын хорооны хурал үргэлжилсэн.
Хурлан эхэнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналын үндэслэлийг уншиж танилцуулсан. Үүний дараа Су.Батболд гишүүн ганцаараа асуулт тавьсан. Тэрбээр “төрийн байгуулалтын байнгын хороо хууль зөрчиж байна. Уг асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж эхлэх ёстой байтал 20 хоног өнгөрсний дараа хэлэлцэж байгаа нь хууль зөрчсөн хэрэг” гэв. Тус байнгын хорооны дарга А.Бакей үүнд хариулж, хэлэлцэх асуудлыг дэгийн дагуу явуулж байгаа хуулийн зүйл заалтаар нь тайлбарласан юм. Үүний дараа гурван гишүүн санал хэлснийг дор хүргэж байна.
Д.Эрдэнэбат:
-Нэр бүхий 28 гишүүний үндэслэлд тусгасан зүйлүүдийг сонслоо. Монгол Улсын хэмжээнд энэ бүх ярьж хэлж байгаа тоонууд нэг л байх ёстой. Хүн болгон янз янзын тоо гаргаж ирдэг, түүнийгээ бусдыг үнэмштэл ярьдаг. Энэ асуудлыг цаашид УИХ-ын гишүүний ёс зүйн асуудалд тусгах талаар анхаарах хэрэгтэй.
Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдоогүй байхад Ерөнхий сайдыг гэмт хэрэгтэн мэт үзэж байгаа нь төр ёсонд байх ёсгүй зүйл юм. Ийм бичиглэлтэй зүйлийг Байнгын хороо хүлээн авах ёсгүй байсан. Үүнийг цаашид Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарах хэрэгтэй.
Р.Гончигдорж:
-УИХ-ын 25-аас дээш тооны гишүүн гарын үсэг зурж, Засгийн газрыг огцруулах эрх нь хуулиар олгогдсон байгаа. Гэхдээ энд үнэн зөвийг ярих, нийт ард иргэдийнхээ эрх ашгийг оруулж ярих ёстой. Мөн ярьж байгаа бүхэн нь баримтаар нотлогдсон байх ёстой. Бид өөрсдөө хэлсэн үгнийхээ үнэнийг нотолж, буруу байвал хариуцлага хүлээх талаар бодох ёстой. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутанд тооцохгүй, бусдад халдаан хэрэглэж болохгүй гэсэн хүний эрх, эрх чөлөөний тухай заалтуудыг Үндсэн хуульд тодорхой заасныг энэ саналд дээд зэргээр зөрчсөн байна. Ийм зүйлийг хэлэлцэхгүй байх ёстой.
Р.Бурмаа:
-Манай нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Улс төрийн нам аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болохгүй, тойрог хуваалцахгүй гэсэн хуулиудыг зөрчсөн гэсэн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөн эцэст нь хэлсэн үгэндээ хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байгаад харамсалтай байна. Шүүхээр буруутай гэж тогтоогдвол хариуцлагаа хүлээнэ гэдгээ хэлсэн. Ийнхүү УИХ-ын нэр бүхий 28 гишүүнээс Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалхад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь нь дэмжсэн юм. Харин энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат андуурсан уу, мэдэн будилсан уу, эсрэг товчлуур дарж Ерөнхий сайдыш огцрохыг дэмжсэн юм.