Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан саналыг өнөөдөр болсон ээлжит бус чуулганаар хэлэлцлээ. Чуулганы эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей байнгын хорооны дүгнэлтийг танилцуулж, МАН-ын бүлгээс Д.Хаянхярваа, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар намын бүлгийн санал, дүгнэлтүүдээ тус тус танилцуулсан. Үүний дараа гурван гишүүн асуулт тавьж, бараг бүх гишүүн саналаа хэлснээс товчлон хүргэе.
Ц.Оюунгэрэл:
-МАН-ынхан ямар нэгэн асуудал оруулж ирэхдээ үргэлж хүний эрхийг зөрчсөн зүйлс хавчуулж ирсэн. Үүнд нь дургүй хүрч байна. Ийм асуудлыг буцаах ёстой байсан. Хүний эрхийг зөрчсөн ийм асуудлыг бид хэлэлцэж, товчлуур дарвал энэ шударга бус, бохир кноп болно. АТГ бол УИХ өөрийн гараар төрүүлсэн үр могой.
Бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд босгосон хүний эрх хэмээх үнэт зүйлээ алдаж байна.
Г.Уянга:
-Би энэ шийдвэрээ гаргах гэж олон хоног бодож, хүмүүстэй уулзаж, өөрийгөө зовоосон. Нам эвсэл, бүлэг, фракцынхаа бодлогыг дагаж байгаа хүмүүс бол өөрийгөө зовоож, бодож шаналах шаардлагагүй. Би аль нам, фракцын хүн биш учраас цэвэр өөрийнхөө итгэл үнэмшилд тулгуурлан Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихээр шийдсэн. Гэхдээ явж явж энэ асуудлыг АН л шийднэ.
Өнөөдрийн энэ Монгол Улсыг АН, МАН хамтдаа бүтээсэн. Ажилгүйдэл, ядуурал, бэлчээрийн хомсдол, энэ их утаа манан бүгд л МАНАН-гийн бүтээл. Тиймээс энэ хоёр намынхан өөрсдийгөө тольдох цаг болжээ. Түүнчлэн өнөөгийн байгаа Үндсэн хуулиар бол Засгийн газар байгуулах боломж шавхагдаж байгаа нь харагдаж байгаа учраас Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, шинэчлэхэд илүү анхаараасай гэж хүсэж байна.
Д.Лүндээжанцан:
-Яах вэ энэ Засгийн газартайгаа яваад л байвал яваад л байна. Гэхдээ үнэхээр болохгүй болчихоод байна. Юу гэвэл эдийн засгийн оновчгүй бодлого. Би бүх асуудлыг мэдэхгүй байна. Зөвхөн хоёр зүйлд л үнэхээр их санаа зовж байна.
1. Өр
Өртэй хүн өөдөлдөггүй. Яаж энэ их өрийг дарна гэж бодохоос нойр ч хүрэхээ байлаа. Сүүлийн үед эрүүл мэндийн байдлаасаа болоод ч тэр үү, энэ өрийн тухай зүүдэлдэг боллоо.
2. Валютын ханш
Валютын ханш хэрээс хэтрэх нь гээд байхад битгий сүржигнэ гээд байсан. Гэтэл өнөөдөр валютын ханшны өсөлтөөс болоод Монгол Улс дотор халуунтай хүн шиг л боллоо. Үүнээс болж хүн болгон хохирч байна. Алдаа байвал даруйхан засаж залруулмаар байна.
Л.Цог:
Зарим хүн гол үндэслэлийг ойлгохгүй байх шиг байна. Өнөөдрийн ярьж байгаа хамгийн гол асуудлал бол ёс зүй, хариуцлага. Хоёр жилийн өмнө би Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болохыг нь дэмжиж байхлаа арай ч улс орны байдал ийм дээрээ хүрнэ гэж төсөөлөөгүй байсан. Энэ хүн бол хуулийг нулимдаг л хүн байна.
Б.Бат-Эрдэнэ:
Ерөнхий сайд хуулийг үл хүндэтгэн дээгүүр нь тоосон ч шинжгүй алхалж байна.
Д.Эрдэнэбат:
Энэ Засгийн газар бол улс орныхоо эрх ашгийн төлөө үнэхээр хамгийн ихээр хичээж ажилласан. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр техникийн алдаа болж буруу кноп дарсныг улстөржүүлж байгаад харамсаж байна. Би Ерөнхий сайдыг огцруулахгүй байхыг, Засгийг тогтвортой ажиллахыг дэмжих байр суурин дээрээ хэвээр байгаа.
С.Баярцогт:
-Цөөнхөөс болж огцордог Засгийн газар гэж хэзээ ч байхгүй. Огцрох, огцрохгүй нь Засгийн газарт байгаа намуудаас хамааралтай. УИХ-аар кноп дарж асуудлыг шийддэг нь араасаа бүр ч олон асуудал дагуулдаг. Намуудыг дунд нь хагаралдуулж, монголчуудыг олон жижиг болгон хуваадаг. Үүгээрээ бид гаднынхны золиос болдог. Энэ бол АН, төрийн эмгэнэл. Үүнээс өөрөөр шийдвэрлэх гарц байсан. Энэ асуудлыг нам дотроо шийдвэрлэж, Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгч болох байсан. Одоо кноп дарах, дараагийн Засгийн газар байгуулагдах хооронд улс төр хямрахаас сэргийлж байна. Парламнет цагаасаа өмнө тарах нь төлөвшихөд саад болж байгаа юм.
Энэ бүхнээс 1996-2000 оны тэр эмгэнэлт, гунигтай дүр зураг харагдаж байна. Тэр бол АН-ын ялагдлын том эхлэл байсан. Улсын хөгжлийг 10-20 жилээр хойшлуулсан үр дагавар байсан.
АН УИХ-д олонх болоогүй учраас намуудтай зөвшилцаж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах нь зөв байсан. Өнөөдрийн та бүхний шийдвэр улс төрийн гүнзгий хямралын эхлэл битгий байгаасай.
Х.Тэмүүжин:
Харамсалтай байна. Монгол улсын хөгжлийн төлөө үндэслэл тооцоололтой, судалгаатай хэлэлцүүлэг өрнөөгүй удлаа. Нэг нэгнийхээ улыг шагайж, талцаж хоёр жил өнгөрлөө. Ирэх хоёр жил битгий л ийм байгаасай. АН-д итгэсэн иргэдийн сэтгэлийг битгий цуулаасай. Энэ бүх жүжиг хурдан дуусаасай. Та нар иргэдийн сэтгэлд том цав суулгаж байна. тэр том ангал дээгүүр гүүр тавина гэдэг хэцүү. Хэлэх үг үнэхээр алга.
Ц.Даваасүрэн:
-Бид ингэж яваад ялсан түүх байхгүй. Нам дамжсан бүлэглэл гэхээсээ илүү чин сэтгэлээсээ улс орноо бодоосой. Байдал үнэхээр хүнд байгаа шүү. Эксплот урд хөршөөс 90 хувийн хамааралтай байна. Тэд хямраая гэвэл хямраана, сэргээе гэвэл босгож чадна. Арай гэж бид хоёр хөрштэйгээ хэл амаа ололцоод явсных нв дараа хоорондоо ингээд заамдалцаад сууж байна. Олны нэрийг барьж МАНАН-тая гэж л шогтов! Ерөнхий сайд огцорлоо гээд хямралыг үүрээд явахгүй шүү гэв.
Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсэн. Улмаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 66 гишүүнээс 36 нь зөвшөөрч, 54.5 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэн юм. Дараагийн Ерөнхий сайдыг томилтол Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болов.
Р.Оюун