Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр цугласан УИХ-ын чуулган эхнээсээ л ёозгүй байлаа. МАН-ын гишүүд УИХ-ын танхимын зүүн жигүүрийг эзлэн, бүгд ирж суусан байсан бол АН-ын гишүүдийн суудаг жигүүр алаг, цоог, зарим суудал нь эзгүй харагдана. Ажиглаад харвал “Шонхор” фракцад харъяалагдах гишүүдийн суудал эзгүй байлаа.
АН дотроо зөвшилцөж, Ерөнхий сайдыг огцруулахгүй, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг дэмжихээр гарын үсгээ зурцгаасан хэмээн чуулган эхлэхээс өмнө хэлж байсан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын үг оргүй байжээ.
Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэлж, Ерөнхий сайдыг огцруулах талаар хэлэлцэж эхлэхэд “Шударга ёс” эвслийн З.Баянсэлэнгэ хэдсэн үгэндээ “Ерөнхий сайдыг огцруулах талаар нэлээд удаан ярилаа. Өнөөдөр би АН-ынхныг шийдвэрээд гаргаад, нэгдсэн ойлголтод хүрсэн гэж ойлгосон боловч үгүй байж. Зарим гишүүний утсанд “Битгий ирээрэй” гэсэн мессэж ирсэн гэсэн. Тэгэхээр энд ирээгүй гишүүд бүлэг, фоакцынхаа ятгалгад ороод, улс орныхоо эрх ашгийг хойш тавьсан юм байна” хэмээн хэлсэн нь байдлыг бүр ч ойлгомжтой болгов.
Үнэхээр хэвлэлүүдээр бичиж байсанчлан “Шонхор” фракцынхан Ерөнхий сайдыг унагаж, өөрсдөө Засгийг эрхийг барих олон жилийн мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн бололтой. УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүдийн олонх нь саналаа хэлсэн. Намынхаа эв нэгдлийг хадгалахын оронд бүлэг, фракцаараа талцаж, албан тушаалын төлөө эх орныхоо эрх ашгийг хойш тавьж байгаад харамсаж буйгаа АН-ын хэд хэдэн гишүүн үгэндээ хавчуулахын зэрэгцээ 1996-2000 оны гунигтай байдал давтагдах вий хэмээн С.Баярцогт гишүүн анхааруулсан. Үнэхээр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг АН доторх бүлэг, фракцууд хөлөө жийлцсэнээс Засгийн газраа хэд хэдэн удаа унагаж, улмаар хэдэн жил сонгуульд ялагдал хүлээх эхлэл тавигдаж байсан гашуун түүхтэй. Эцэст нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийж хэрэгжүүлсэн ажлаа дурдаад, цаашид хийх олон ажил байгаа тул Засгийн үйл ажиллагааг тогтвортой явуулах боломжийг бүрдүүлж, Шинэчлэлийн Засгийн газрыг дэмжихийг хүсээд ч тусыг эс олов. Хуралдаанд оролцсон 66 гишүүний 36 нь түүнийг огцруулахыг саналыг дэмжсэнээр Н.Алтанхуягийн Засгийн газар унах нь тэр. Дээрх 36 гишүүний дотор Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Бурмаа, Д.Батцогт, Б.Наранхүү нарын АН-ын гишүүд байсан. Хамгийн гол нь “Шонхор” фракцынхан ирсэн ирээгүй, хуралдаанд суусан АН-ын гишүүдийн найм нь түүний эсрэг товчлуур дарсан юм. Яг ийм үйл явдал болохыг мэдээд С.Баярцогт гишүүн “Цөөнхөөс болж огцордог Засгийн газар гэж хэзээ ч байхгүй. Огцрох, огцрохгүй нь Засгийн газарт байгаа намуудаас хамааралтай. УИХ-аар кноп дарж асуудлыг шийддэг нь араасаа бүр ч олон асуудал дагуулдаг. Намуудыг дунд нь хагаралдуулж, монголчуудыг олон жижиг болгон хуваадаг. Үүгээрээ бид гаднынхны золиос болдог. Энэ бол АН, төрийн эмгэнэл. Үүнээс өөрөөр шийдвэрлэх гарц байсан. Энэ асуудлыг нам дотроо шийдвэрлэж, Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгч болох байсан. Одоо кноп дарах, дараагийн Засгийн газар байгуулагдах хооронд улс төр хямрахаас сэргийлж байна. Парламнет цагаасаа өмнө тарах нь төлөвшихөд саад болж байгаа юм” хэмээн анхааруулсан. Гэхдээ гишүүдийн 54.4 хувь нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн юм.
Хэвлэлийнхний таамаглаж байсанчлан “Шонхор” фракц ийнхүү санасандаа хүрлээ. Гэхдээ З.Энхболд Ерөнхий сайд болохгүй байж магадгүй. Тэрбээр “Ерөнхий сайд болох боломж олдсон ч би болохгүй” хэмээн Сүхбаатар аймгийн замын нээлтэд оролцох үеэрээ сэтгүүлчдэд ам алдсан байсан. Эсвэл “Намын нөхдийнхөө итгэлийг хүлээхээр шийдлээ” гээд Засгийн газрын тэргүүн болчихыг ч үгүйсгэх аргагүй. Улс төр угаасаа бохир юм чинь. Түүнээс гадна бас нэг хувилбар ордноор “нисэж” эхэлсэн тухай чих дэлсэв. Тэрхүү хувилбарт Ерөнхий сайдаар Х.Баттулга, Шадар сайдаар М.Энхболд байх бөгөөд С.Одонтуяа сайд болох зураглал гарчээ. Ямартай ч энэ удаа АН-ынхан МАН-тай хамтарч Засгаа байгуулах нь тодорхой болов. Харин хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз ээ.