Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Хятадын Төмөр замын барилга байгууламжийн корпорацтай хамтран ажиллах гэрээ байгуулсныг proactiveinvestors.com цахим хуудсанд мэдээлэв. Тус корпорацын охин компани “CR20G” нь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын зураг төслийг хариуцах гэнэ. Дээрх чиглэлд төмөр зам барих нь Овоотын коксжих нүүрсийг экспортлоход чухал хэрэгтэй юм. Энэ талаар “Aspire Mining”-ийн ерөнхий захирал Дэвид Пол “Төмөр замыг концессийн гэрээгээр барих зөвш өөрлийг бид хүлээж байгаа” гэж ярьжээ. Гэрээ ёсоор төсөлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ-ын болон бусад санхүүжүүлэгчээс олоход “CR20G” туслах аж.
Тус корпорац БНХАУ-аас гадна бусад оронд авто зам, метро, гүүр, нүхэн гарц, орон сууц барьсан туршлагатай юм байна. Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт-Овоот-Арц суурь чиглэлийн төмөр замын царигийн хэмжээг тогтоосон гэдгийг дээрх цахим хуудсанд мөн бичжээ. Коксжих нүүрсний Овоот орд нь JORC ангиллаар 255 сая тонн нөөцтэй нь тогтоогдсон аж.
Ц.БОЛОР