Залуучуудын холбоо энэ онд “Залуусаа нэгдье” уриан дор олон ажил зохион байгуулж, тухайн сар бүрийг өөрийн нэршил, уриалгатай болгож байгаа билээ. Үүний хүрээнд энэ сарыг “Арванзургаан настнуудын сар” болгон, аян өрнүүлж байна.
Амьдралын алтан босгоор хөл тавьж байгаа 16 нас гэдэг хүн бүрийн хувьд хамгийн хариуцлагатай он жил байдаг. Тиймээс энэ насныханд зориулсан олон үйл явдал сарын турш өрнөх нь.
Тухайлбал 16 насыг шилжилтийн маш эмзэг үе гэж үздэг учир мэргэжил сонгохдоо ялангуяа маш сайн анхаарах хэрэгтэйг зохион байгуулагчид онцолж байлаа. Тиймээс аяны хүрээнд “Говь”, “Сүү”, компани, “Тeso” корпараци, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг компаниудтай залуусыг танилцах юм байна. Мөн тэдэнд зориулсан лекц, семинар, хотоос гадна явган аялал хийх, өдөрлөг зохиох зэрэг олон ажлуудыг төлөвлөжээ.
Залуучуудын холбооны Бодлогын хэрэгжилт, зохицуулах газрын мэргэжилтэн Б.Урангоо “Аяны хүрээнд долоо хоног тутам өөр өөр үйл ажиллагаа зохионо. Эхний долоо хоног “Миний мөрөөдөл, миний зорилго” уриан дор үйлдвэрүүдтэй танилцах үйл ажиллагаа явагдах юм. Ингэснээр тухайн хүүхэд өөрийн ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход тусална. Хоёр дахь долоо хоногийг “Амжилтаар өртөөлье” уриан дор явууна. Гурав дахь долоо хоног “Бидний гараа, бидний амжилт” уриатайгаар хөдөлмөр эрхлэлт, аялал жуулчлал, бусад салбаруудын талаар мэдээлэл өгөхөөс гадна хөнгөлөлт урамшуулал зарласан үйл ажиллагааг зохионо. Тодруулбал, энэсарын 19-нд 16 настнууддаа зориулан үнэгүй музей үзэх аяныг зарлаж байгаа. Мөн “Тэнгис” кино театр энэ өдөр 16 настнууддаа зориулан 1000 төгрөгний хөнгөлөлттэй кино үзүүлнэ” гэж ярилаа.
Арваннэгдүгээр сарын 24-нд нийслэлийн 850 шилдэг хүүхдийг шалгаруулж, иргэний андгай тангараг өргөх ёслолыг Чингисийн талбай дээр хийх юм.
16 настаны төлөөлөл Н.Золбоо “Бидний насан дээр олон шийдвэр, сонголт гарч ирдэг. Энэ бүгдэд тусалж энэ сарыг 16 настнуудын сар болгож байгаад баяртай байна” гэлээ.
Насанд хүрээгүй 688 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ
Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Ариунзаяа “ Он гарсаар эхний есөн сарын байдлаар насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирч холбогдсон тохиолдол 688 гарсан. Үүнээс 14-17 насны 422 хүүхэд өртөж хохирсон судалгаа байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10,8 хувиар өссөн үзүүлэлт юм. 16 настнуудын аяныг цагдаагийн байгууллага дэмжин хамтарч ажиллаж байна. Гэмт хэргийн дийлэнх нь бусдын бие махбодид гамтэл учруулсан болон хулгайн гэмт хэргүүд нэлээд хувийг эзэлж байна. Энэ судалгаан дээр үндэслээд 16 настнуудын дунд хууль эрх зүйн сургалтыг зохион явуулах гэж байна. Мөн “Миний эрх, үүрэг” сэдвээр сургалт явуулна ” гэлээ.
Аян улс орон даяар явагдаж байгаагаараа онцлог юм. Цаашид ч жил бүр зохиогдох юм байна.
Энэхүү аяныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, “Хаан банк”, “Ариг банк”, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл зэрэг газрууд хамтран зохион байгуулж байна.
М.Болорцэцэг