Орхон аймгийн төвийн V хорооллын орон сууцны 23, 24 дүгээр байрны дундах талбайд “Шилдэг брэнд” компанийн барьж байсан гараашийг нураалгажээ. Тус компани газар дор 60 машины далд гарааш, дээр нь хүүхдийн тоглоомын талбай барих зөвшөөрөл авчээ. Тэгсэн хэрнээ тоглоомын талбай барилгүй гараашаа давхарлан барьж эхэлсэн байна. Тиймээс гараашийн давхарлан барьж буй хэсгийг буулгуулахаар тус аймгийн Засаг дарга өнгөрсөн есдүгээр сард захирамж гаргасан аж. Гэтэл дээрх компанийнхан уг захирамжийг үл тоон, барилгаа үргэлжлүүлжээ. Байдал ингэж эргэсэн тул тус аймгийн Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран, уг гараашийн хоёр дахь давхрыг барилгачдаар нь нураалгаж эхэллээ. Зөвшөөрлөө хэтрүүлснийхээ уршгаар “Шилдэг брэнд” компани 30 сая төгрөгөөр хохирч байгаа аж.
Аймгуудын төв, Улаанбаатар хотод ч ийм маягаар орон сууцны дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах нэрийдлээр газрын зөвшөөрөл аваад гарааш бариад зарчихсан аж ахуйн нэгж, иргэн олон бий. Тэдний санаархлыг тухайн нутаг дэвсгэрийнх нь удирдлагууд Орхон аймгийн удирдлагууд шиг дор нь таслан зогсоосон бол даврагсад дарагдах байлаа. Хойшид ч ийм хууль бус явдал гарвал Орхон аймгийнхан шиг байгаасай.