Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 320 хүүхдийн хүчин чадалтай сургууль нээлээ. Тус сургуулийн барилгыг "ӨВМТХ" компани улсын төсвийн 2.2 тэрбум төгрөгөөр хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгч байгаа юм. Халуун хүйтэн устай, орчин үеийн стандартаар барьсан шинэ сургуультай болсондоо багш, сурагчид төдийгүй нутгийн иргэд баяртай байв. Бат-Өлзий сум нь 7000 гаруй хүн амтай бөгөөд сумын сургуульд өдгөө 1500 гаруй сурагчид гурван ээлжээр хичээллэдэг байсан юм. Харин шинэ сургууль нээгдсэнээр хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэхийн зэрэгцээ чөлөөт цагаа сургууль дээрээ өнгөрөөх боломж бүрдэж байна. Сонирхуулахад, Бат-Өлзий сумын дунд сургууль нь боксийн спортын анхны гавьяат дасгалжуулагч Олзод агсны нэрэмжит бөгөөд шинэ сургуулийн нээлтэд Олзод агсны хүү Бум-Ялагч ирж хүндэтгэл үзүүлжээ.